Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол үндэстний үнэлэмж” болон “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар, Бэй Аэриагийн монголчуудын холбоо хамтран сагсан бөмбөгийн спортоор дамжуулан монголын соёл урлагийг сурталчлах зорилгоор 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аварга “Голден Стейт Уориорз” багийн “Атланта Хокс” багтай хийсэн тоглолтын салхийг хагалан, монгол уран нугаралтын гайхамшгийг дэлхийн сая сая хүмүүст үзүүллээ. Багийн уламжлал ёсоор Сан Франциско хотын бэлэг тэмдэг болсон кабель тэрэгний хонхыг бэлгэдэн хийсэн хонхыг Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Ургамалцэцэг цохисноор тоглолт эхэллээ. Уг тоглолтыг үзэхээр 200 гаруй монголчууд ирсэн бөгөөд үндэсний дээл хувцсаараа гоёж, төрийн далбаагаа намирууллаа.
“Голден Стейт Уориорз” баг жил бүр Калифорн мужид амьдарч буй ази гаралтай иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Азийн өв соёлын үдэш” зохион байгуулдаг бөгөөд энэ жил монголчуудыг ийнхүү онцоллоо. Тоглолтыг NBATV сувгаар дэлхий даяар дамжуулж, 2,4 сая хүн үзсэн бол спортын төрөлжсөн SPS суваг Монгол Улсад шууд дамжуулан үзүүллээ.