Өнөөдөр төрийн ордонд улс төр, эдийн засаг, нийгмийн зөвшилцөл чуулга уулзалт боллоо. Энэхүү чуулга уулзалтад төрийн өндөр албан тушаалтнууд болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
Ноён IZ буюу Г.Ирээдүй: " Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан ахтай маргаан бол болсон. Залуусыг ажил хийдэггүй ажил хий, та нарын ингэж жагсана гэж юу байхав гэж хэлээд гарлаа. Намайг бүдүүн, сахалтай гэсэн, хүнийг гадаад үзэмжээр нь дүгнэнэ гэдэг мэдрэмжгүй үйлдэл. Гэхдээ надаас уучлалт хүсээд эвлэрсэн. Жагсаал цуглаан бол биш, үзэл бодлын бөөгнөрөл. Өмчлөөд авчихсан зүйл огт байхгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд үг хэллээ. Ойлгодог бол ойлгоосой. Зургаадугаар сард нүүрсний хулгайн асуудлаар өөрөө шүгэл үлээсэн. Гэхдээ хүч нь хүрэхгүй байх шиг байна. Ард түмэн дэмжээд л байгаа. Шударга бус нийгмийн золиос болж амьдрахыг хүсэхгүй байна. Би гэр бүлээрээ гадагшаа гараад амьдарчих боломж бололцоотой хүн. Бас цуглуулсан хэдэн төгрөг бий. Гэхдээ хүний нутагт хагас жаргадаг юм билээ. Эх орондоо бүтэн жаргая гэж бодож, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байна. Баян жагсагч нар гэсэн байна лээ. Сэтгэл нь баян юм даа. Мөнгө авсан залуустай бол би хамт биш. Одоогоор мөнгө авсан хүмүүсийг олж тогтоосон зүйл алга" гэлээ.