Улиран одож буй бар жилд Монголын урлаг соёлын салбарт тэсрэлт хийж, оны шилдэг бүтээлийн тоонд зүй ёсоор багтах уран бүтээл бол “Hero” энтертайнментын найруулагч Б.Баатарын Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулан тавьж, 117 удаа тоглосон “Тамгагүй төр” жүжиг. Үндэсний өв соёл, онцлог, найруулга, оролцсон уран бүтээлчид, соёлын судалгаа, үзэгчдийн тоо, олсон ашгаараа энэхүү жүжиг нь Монголын орчин үеийн театрын урлагийн түүхэнд анхдагч болж чадсан.
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжиг Монголын театрын тайзнаа 25 жилийн өмнө (1998 он) найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар анх тавигдаж байсан түүхтэй. Энэ жүжгийг 2022 онд найруулагч Б.Баатар шинэчлэн найруулж, физикл драм хэлбэрээр тавьсан нь олон улсын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан юм.
Үндэсний соёл урлагийн бахархал болж, олон зуун авьяаслаг чадвартай уран бүтээлчийг нэгтгэн, тэдний авьяас билэг, хүч хөдөлмөрөөр хамтран бүтсэн “Тамгагүй төр” жүжиг Лондоны West End-н тайзнаа “Монгол хаан” нэрээр амилах гэж байна. Дэлхийд Нью-Йоркийн Broadway, Лондоны West End гэх театрын хоёр ноён оргил байдаг. У.Шекспир, А.Дюмагийн бүтээлүүдээс эхлээд дэлхийн сор болсон бүтээлүүд шигшигдэн тоглогддог ноён оргилын нэг болох Английн West End-д “Монгол хаан” жүжгийг монгол уран бүтээлчид анх удаа бүрэн баг бүрэлдэхүүнээрээ тоглох гэж байна. Бөмбөрцгийн олон сая үзэгчдийн мэлмийг баясгаж, Монгол соёлоо дэлхийд сурталчилж тамгална гэдэг нь монголчуудын мөрөөдөл.
“Монгол хаан” жүжгийг дэлхийн тайзнаа хамтран тавих олон улсын продюсерууд өнгөрсөн онд манай улсад ирж “Тамгагүй төр” жүжгийг үзэхдээ уг зохиолыг У.Шекспирийн бүтээлтэй адилтган, харьцуулалт хийж, дүгнэлт өгсөн нь Монголын зохиолч, найруулагч, уран бүтээлчдийн хувьд үнэлэхийн аргагүй магтаал юм. Урлаг бол дэлхийн хэл гэдэг. Энэ утгаараа Монгол улс дэлхийд гарах гишгүүр нь урлаг соёл юм. Хүннү рок- Hu хамтлаг, дуурийн дуучид гээд Монгол гэдэг нэрийг дэлхийд дуурьсгаж байгаа зүтгэлтнүүд Монголын бахархал мөн билээ. Тэдэн дээр драмын урлагийн шилдгүүд, 100 гаруй мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн Монголын баг хамт олон орчин цагийн дэлхийн шилдэг креатив уран бүтээлчидтэй нэгдэн Монголын театрын нэрийг олон улсад дуурьсгах анхны алхмаа хийж байна. Энэ нь Монголын урлаг соёлын салбарт түүхэн үйл явдал агаад дараа дараагийн уран бүтээлчдийг дэлхийд гаргах шинэ жим болох биз ээ.
Монголын урлаг соёл, өв заншил, аялал жуулчлалын нэрийн хуудас болох “Монгол хаан” жүжгийг дэлхийн үзэгчдэд зориулан англи болон монгол хэлээр толилуулна.
Ж.Нямсүрэн