Цаг үеийн мэдээ

Налайх дүүрэг нь 68,764 га газар нутагтай бөгөөд үүнээс 21,337 га газар нь хөдөө аж ахуйн, 12,261 га газар нь хот, суурин бүсийн, 1034 га газар нь зам, шугам сүлжээний, 1678 га газар нь ойн сан бүхий, 5 га газар нь усны сан бүхий, 32,446 га газар нь улсын тусгай хэрэгцээний зориулалттай аж. Үүнээс харахад нийт газар нутгийн 50 хувь орчим нь улсын тусгай хэрэгцээний буюу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны эзэмшилд байдаг аж. Налайх дүүргийн хэмжээнд 2002 оноос газар олголт хийсэн бөгөөд төвийн хороодод газар эзэмшүүлэх нөөц үлдээгүй байна. Тиймээс дүүргийн Засаг даргын бүрэн эрхээр иргэдэд олгох газрын хэмжээ бага байгаа аж. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021-2022 онд тус дүүргийн найман хороо бүрээс газар эзэмших яаралтай шаардлагатай иргэдийн жагсаалтыг авч, тухайн онуудад иргэдэд газар олгожээ.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Налайх дүүрэг нь хилийн маргааны асуудлууд ихтэй. Мөн Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүсийн 262 га газар нь иргэд, олон нийтийн хэрэгцээний зориулалтаар зургаадугаар хороонд хамаарч байгаа. Тухайн цаг үедээ зөвшөөрөл авсан иргэд  дээрх бүсэд амьдарч байна. Гэхдээ зарим иргэний асуудлаар БОАЖЯ-нд хандан, хэрэглээний зориулалтаар гэрчилгээг нь сунгах, олгох байдлаар асуудлыг шийдвэрлэж байгаа. БОАЖЯ-наас аялал жуулчлалын чиглэлээр газар хүссэн иргэн, аж ахуйн нэгжид газар олгох зөвшөөрлийг өгдөг. Налайх дүүргийн хувьд гурвалсан гэрээний дагуу зохицуулалт хийх, амралт зугаалгаар зорчиж буй иргэдийн аюулгүй байдал, хог тээвэрлэлт, цэвэрлэгээний асуудлыг зохицуулдаг” гэв.