Цаг үеийн мэдээ

Архангай аймгийн засаг даргын тамгын газар, Үндэсний мөсний шагайн холбоо, Архангай аймгийн Мөсний шагайн холбоотой хамтран 1 сарын 27-29-ний өдрүүдэд улсын цол олгох мөсний шагайн нээлттэй тэмцээнийг зохион байгуулна. 

Энэхүү тэмцээн нь Архангай аймгийн түүхт 100 жилийн ойг угтаж зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн албан ёсны нээлт, улсын чанартай тэмцээн гэдгээрээ онцлогтой юм. 

Тэмцээн зохион байгуулах ажлын хэсгийг өнөөдөр /1 сарын 24/ аймгийн Засаг даргын Захирамжаар байгуулж, бэлтгэл хангаад байна. 

Мөсний шагайн тэмцээн нь Архангай аймгаас гаралтай, Монгол улсад зохион байгуулагддаг өвлийн спортын томоохон төрөл юм. 

ҮНДЭСНИЙ МӨСӨН ШАГАЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, УЛСЫН ҮЛЭМЖ ДАРХАН МЭРГЭН Д.УУГАНБАЯР:

"Архангай аймгийн 100 жилийн ойг угтаж арга хэмжээнүүдийн нээлт болгон зохион байгуулагдах энэхүү тэмцээнд 10 аймгийн 22 дэвжээний 300 орчим харваач, сонирхогчид хүрэлцэн ирэхээр урьдчилсан бүртгэл хийгдсэн байна. Бид 1 сарын 26-ны 16 цагт аймгийн ЗДТГ-ын Их танхимд техникийн зөвлөгөөнөө зохион байгуулна. Тэмцээний нээлтийг 1 сарын 27-ны 11 цагт хийхээр хөтөлбөр гарсан. Нутгийн иргэд, энэхүү спортыг сонирхогч та бүхэн тэмцээнийг үзэж сонирхох бүрэн боломжтой" гэв. 

Дашрамд хэлэхэд ММШХ 2000 онд албан ёсоор байгуулагдаж улсын чанартай тэмцээн зохион байгуулснаас хойш 

Үлэмж дархан мэргэн- 4

Улсын Дархан мэргэн – 2

Улсын Хошой мэргэн – 9

Улсын Мэргэн – 43 төржээ. 

Энэ удаагийн тэмцээнд талын харваа, цуваа харвааны төрлөөр 3 харваач улсын мэргэн цолны болзлыг хангах боломжтой юм.

Таны сурталчилгаа