“Хайр 2000” төслийг санаачлагч “Үнэн худлын дэнс” ТББ-ын тэргүүн М.Орхонтуултай уулзаж цөөн хором ярилцлаа.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч ирсэн баярлалаа.
Та бүхэнд бас баярлалаа
Таныг хүмүүс телевизийн салбараар л сайн мэддэг шүү дээ. Та ер нь ямар мэргэжилтэй хүн юм бэ?
Аялал жуулчлалын мэргэжлээр төгссөн хэр нь телевизийн салбар луу халтираад орчихсон. Хамгийн анх UBS телевизээс телевизийн салбарын гараагаа эхэлж байсан. Зүрхнээс зүрхэнд гээд шууд нэвтрүүлэг хөтөлдөг байлаа. Гадаад мэдээ ч уншдаг байсан. Тэгээд л одоо болтол телевизийн салбарт орон тооны бус хуваариар харьяалагдаж явж байна.
Бага насаа эргэн дурсвал?
Ямар ч байсан ээж аавынхаа буянаар өлсөж үзээгүй. Хайран дунд өссөн гэж боддог. Тэрэндээ ч өр зөөлөн хүн болж төлөвшсөн. Тэр утгаараа ч хүүхдүүдээ хайраар зөв хүмүүжүүлэхийг хүсдэг. Миний бодлоор бид одоо цаг үе хэцүү байгаа ч хүүхдүүдээ л зөв хүмүүжүүлбэл ирээдүйд сайхан амьдралд хүрч Монгол улс гэрэлтэх байх гэж боддог.
Орхонтуул гэж ямар хүн бэ? Бусдын мэддэггүй зан чанараасаа хуваалцвал?
Хайраар өссөн хүн хайрыг түгээж чаддаг гэж би итгэдэг. Хүн болгон чадах чинээгээрээ бие биедээ хайрыг түгээгээсэй гэж хүсдэг. Одоо үед хүмүүс бие биеэ хайрлахаас илүү мөнгө гэдэг зүйл рүү хошуурдаг болсон байна. Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэдэг шиг би за гэж хэлсэн л бол түүндээ заавал хүрэхийг л хичээдэг. Тэр ч утгаараа миний хийж буй ажилд олон хүн тусалж дэмждэг болсон байх гэж боддог юм.
"Хайр 2000" төслийг хэзээнээс санаачилж, хэрэгжүүлж эхэлсэн бэ?
Энэ хайр 2000 төсөл маань урд нь удаан хугацаанд бодож явсан зүйл. Түрүү жилээс хэрэгжүүлсэн. Хайр 2000 төсөл маань хэн нэгэн сайн үйлстэн сард 2000 төгрөгийг л нийлүүлэн хандив босгоод тусламж хэрэгтэй хүмүүст хайр түгээхийг л хэлээд байгаа юм. Монголчууд нэгдмэл байвал маш хүчтэй гэдгийг л харуулахыг зорьж байгаа.
Бүх зүйл сайн муу хосолж явдаг шүү дээ. Энэ бүх хугацаанд таны сэтгэлд сэв хийхээр зүйл тохиолдож байсан уу?
Мэдээж сайны хажуугаар саар гэдэг шиг олон биш ч нэг хоёр удаа тийм зүйл тохиолдож байсан. Тусалж байна гэж бодож явсан хүндээ удаа дараа хулхидуулж ч явсан үе бий. Тухайн үедээ ингэн ингэн хараалган доромжлуулан байж энэ ажлыг хийж байхаар больчихдог ч юм уу гэж нэг хоёр удаа бодож үзсэн. Гэхдээ хүмүүсийн урмын үгийг авч эргээд дэм авч тиймэрхүү зүйлсийг тоохоо больсон.
Цаашдын зорилгоосоо хуваалцвал?
Миний олон жил мөрөөдөж явдаг зүйл байдаг юм. Аз жаргалтай хотхон гэж хөгшид хүүхдүүд хамт байж нэг нэгнийхээ дутууг нөхөж хайрыг түгээдэг тийм сайхан хотхон барих мөрөөдөлтэй байгаа. Хүний мөрөөдөл дуусахаар бүх юм дуусдаг юм гэнэ лээ би заавал энэ мөрөөдөлдөө хүрнэ.
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа
Та бүхэнд бас баярлалаа.