Цаг үеийн мэдээ

Монгол Улс Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож буй. Эл түүхэн өдөрт зориулж хүндэтгэлийн хүлээн авалт, Монгол зураачдын болон гэрэл зурагчдын шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Лондон хотноо зохион байгууллаа. 

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ-наас зохион байгуулсан уг хүлээн авалтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Элчин сайд Б.Энхсүх, Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч, Парламентийн гишүүн Д.Кавченски, Лондон хотноо төвтэй Рио Тинто компанийн Зэсгийн группын гүйцэтгэх захирал Б.Болд нар нээж, үг хэлэв.

Энэ үеэр Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, залуу дуучид монгол ардын болон орчин үеийн урлаг, сонгодог урлагийн дээжээс толилуулж, 60 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлтийг хийсэн нь зочдод өндөр сэтгэгдэл төрүүллээ. 

Монгол Улс ИБУИНХУ-тай 1963 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоосноор Британи Улс манай улстай дипломат харилцаа тогтоосон анхны өрнөдийн улс болж байсан түүхтэй юм.

Таны сурталчилгаа