Талибаны эх сурвалжийн мэдээлсний Афганистан улсын нутаг дэвсгэрт огцом хүйтэрсний улмаас өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд багадаа 124 хүн нас барсан байна. Мөн сүүлийн арав гаруй жилд хамгийн хүйтэн өвөл тохиосны улмаас 70,000 орчим мал үхсэн гэдгийг тус улсын онцгой байдлын албанаас мэдээлжээ.
Талибаны эрх баригчид эмэгтэйчүүдийг төрийн бус байгууллагуудад ажиллахыг хориглосонтой холбогдуулан тусламжийн байгууллагууд Афганистанд үйл ажиллагаа явуулахаас татгалзаад байгаа юм. Хэдийгээр цаг агаар муудаж -34 хэмд хүрч, нөхцөл байдал хүндэрсэн ч талибчууд гаргасан шийдвэрээсээ буцах бодолгүй байгаа гэж мэдэгджээ.
Афганистаны олон газарт цасаар хучигдсан байгаа тул аврах ажиллагаанд оролцож байгаа нисдэг тэргүүд газардаж чадахгүй байгаа ажээ. Эрх баригчид ирэх арав хоногт агаарын хэм дулаарах төлөвтэй байгааг хэлжээ. Гэвч тэсгим хүйтний улмаас нас барсан иргэдийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг анхааруулж байна.
Түүнчлэн амиа алдсан иргэдийн дийлэнх нь хөдөө орон нутагт алслагдсан бүсэд амьдардаг малчид байгаа аж. Мөн уулархаг бүсэд ихэнх зам цасанд боогдсон байгаа тул зам дээр гацсан зорчигчдод туслах шаардлагатай байна.
Эх сурвалж: ВВС