Украины зүүн хэсэгт Британийн хоёр сайн дурын ажилтан амиа алдсаныг Их Британийн Гадаад хэргийн яам баталжээ. Буяны байгууллагын ажилтан Крис Перри, Эндрю Бэгшоу нар нэгдүгээр сарын 6-нд сураггүй алга болсон. Тэднийг хамгийн сүүлд ширүүн тулаан өрнөж байсан Соледар орчим харсан байна.
Өмнө нь ГХЯ-аас британичуудыг Украин руу зорчихгүй байхыг удаа дараа анхааруулж, амь насанд аюултай гэж анхааруулж байсан.
Хохирогчдын гэр бүлийнхний хэлснээр Крис, Эндрю нар өндөр настай эмэгтэйг нүүлгэн шилжүүлэх гэж байгаад амиа алдсан байна. Тэдний машин пуужингийн суманд оногджээ. Нэгдүгээр сарын эхээр Вагнерийн цэргийн хувийн компанийн хөлсний цэргүүд Британичуудын нэгний цогцсыг олсон тухай мэдээлсэн.
"Крис өөртөө итгэлтэй, илэн далангүй, адал явдалт сонирхолтой залуу байсан бөгөөд өөрийн таньдаг бүх хүнд үнэнч байсан. Тэр зайнаас программистаар ажилладаг” гэж түүний ар гэрийнхэн мэдэгджээ. "Оросын түрэмгийлэл эхэлснээс хойших хамгийн хар бараан цаг үед буюу гуравдугаар сард тэрээр хамгийн их тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслахаар Украинд очиж, 400 гаруй хүний амь нас, орхигдсон олон амьтныг аварсан" гэж мэдэгдэлд дурджээ.
Нас барсан хоёр дахь сайн дурын ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан Эндрю Бэгшоу Их Британийн иргэн байсан ч Шинэ Зеландад амьдардаг байжээ. Тэрээр дөрөвдүгээр сард Украинд ирсэн. Крис, Эндрю хоёр хоол хүнс, эм тариа хүргэж, өндөр настнуудад тусалдаг байсан гэж эцэг эх нь хэлжээ.
"Эндрю олон удаа амиа эрсдэлд оруулж, олон хүнийг аварсан. Бид түүнд хайртай бөгөөд түүний хийсэн зүйлээр маш их бахархаж байна" гэж эцэг эх нь мэдэгдэлдээ дурджээ. "Дэлхий нийт Украиныг тууштай дэмжиж, түүнд хэрэгтэй цэргийн тусламж үзүүлэх ёстой, мөн дайны дараа сүйрсэн улс орныг сэргээхэд туслах хэрэгтэй" гэж тэд хэлжээ.
Нэгдүгээр сарын 3-нд буюу тэднийг сураггүй болохоос гурав хоногийн өмнө Перри нэгэн чөлөөт сурвалжлагчид ярихдаа сайн дураараа чирэгч машины жолоочоор ажиллахаар болсон тухайгаа ярьж байжээ. Түүний хэлснээр нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа хүмүүсийн төрөл төрөгсөд түүнээс тусламж хүссэн байна.
Эх сурвалж: BBC