Хятадын эрх баригчид "нэг гэр бүл-нэг хүүхэд" бодлогын үр дүнд бий болсон хүн ам зүйн сөрөг хандлагыг өөрчлөхийг хэдэн жилийн турш хичээж байна. Өнгөрсөн онд Хятадын хүн ам сүүлийн 60 жилд анх удаа буурчээ. Өмнөх хүн амын бууралт нь Мао Зэдуны "Их үсрэлт" гэгдэх эдийн засгийн туршилтаас шалтгаалж, нийтийг хамарсан өлсгөлөнд нэрвэгдэж, нас баралт нэмэгджээ.
Хүн амын бууралтын нэг шалтгаан нь иргэд гэрлэх, хүүхэд төрүүлэхээ хойшлуулж байгаа явдал юм. Тус улс хүн амын хяналтгүй өсөлтийг бууруулах зорилгоор 1980 оны есдүгээр сард уг бодлогыг нэвтрүүлсэн. Гэсэн хэдий ч үүний нэг үр дүн нь Хятадын хүн амын хүйсийн харьцаа эрэгтэйчүүдийн талд шилжсэн явдал байв. Хятадын уламжлалд эрэгтэй хүүхдийг үргэлж илүүд үздэг. Хөдөө орон нутагт ялангуяа хөвгүүд нь овог, эд хөрөнгө өвлөж, өндөр настай эцэг эхчүүдийг хариуцдаг тул энэ хандлага хүчтэй байв. Ихэнх гэр бүлүүд зөвхөн нэг хүүхэдтэй байх үед охин төрөх нь ихэнх тохиолдолд хүсээгүй зүйл болж, жирэмсэн үедээ хүйсийг нь мэдсэн үед дараа нь хүүтэй болохын тулд үр хөндөлтийг сонгоход хүрдэг байна.
Сычуань мужид нөхцөл байдал тийм ч муу биш ч 60-аас дээш насны хүн амын тоо нийт хүн амын 21 хувийг эзэлж байгаа нь улсын дунджаас 17.4 хувиар өндөр байна. Хэрэв хүн ам зүйн хандлагыг эргүүлж чадахгүй бол 2040 он гэхэд энэ үзүүлэлт 28% хүртэл өснө.
Хятад улс "Нэг хүүхэд, нэг гэр бүл" бодлогыг үе шаттайгаар зогсоосон. 2016 оны эхнээс бүх гэр бүлд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн ч эрх баригчдын хүсэн хүлээж байсан төрөлт тогтмол өсөөгүй байна.
Үүнээс гадна Сычуань мужид одооноос эхлэн гэр бүлээс гадуур хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд ч гэсэн албан ёсоор бүртгүүлж, гэр бүл болсон хосуудын адил бүх тэтгэмжийг авах боломжтой байхаар мужийн удирдлагууд шийдвэрлэсэн байна. Хятадын хуульд гэрлээгүй эмэгтэйчүүдэд хүүхэд төрүүлэхийг хориглодоггүй ч хуулийн дагуу эх хүнийг "гэрлэсэн эмэгтэй" гэж заасан байдаг байна. Түүнчлэн, өрх толгойлсон эхчүүд гэр бүлтэй эмэгтэйчүүдийн адил тэтгэмж авдаггүй байна.
Эх сурвалж: BBC