Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний 119, 120, 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх зорилготой “Тактик жагсаалын нэгдсэн хичээл”-ийн хоёрдугаар шатны арга хэмжээ 1 дүгээр сарын 30-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид амжилттай явагдлаа. Эхний шат нь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид явагдсан юм.

Уг тактик жагсаалын хичээл нь уламжлалт бус шинэлэг хэлбэрээр  зохион байгуулагдсан ба дээрх гурван ангийн хугацаат цэргийн алба хаагчийн дунд цэргийн хэргийн мэдлэг, дадлага, чадвар, биеийн тамир спорт, оюун ухааны чадавхыг сорьсон уралдаан тэмцээн явуулснаараа онцлог юм. 

Энэ өдөр түрүүч, байлдагч нар ангийн үйл ажиллагааны онцлог, зэвсэглэл, цэргийн техниктэй танилцаж, хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу “Тусгай бэлтгэлийн нормативын  буухиа”, танин мэдэхүйн асуулт хариултын “АХА” тэмцээнд оролцлоо. 

Анги тус бүрээс 7 гишүүнтэй 2 баг “Тусгай бэлтгэлийн нормативын буухиа”-д оролцож аваргаа тодруулсан бөгөөд гишүүн бүр 1 нормативыг биелүүлж, дарцаг дамжуулан уралдаж, барианд орсон юм.

Тэмцээний дүнгээр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн нэгдүгээр баг, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн хоёрдугаар баг, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн нэгдүгээр баг тус тус тэргүүлж, өнгөлөв. 

Мөн Монгол Улсын түүх, газар зүй, соёл уламжлал, “Цэргийн нийтлэг дүрмүүд”, танин мэдэхүйн хөгжөөнт асуулттай “АХА” тэмцээнд анги бүрээс 20 хугацаат цэргийн алба хаагч оролцоход байлдагч Л.Занданшатар, Э.Гансүх (326), байлдагч М.Төгс-Од (119) нар эхний байруудад шалгарсан юм.