Цаг үеийн мэдээ

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сайд “Мета буюу Facebook компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж, манай яамнаас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо” гэж жиргэсэн.

Уг жиргээний хариуд Жорж Чен: 

“Худлаа. Бид зөвхөн хуулийн төслийг батлагдсаны дараа л харсан” гэж хариу бичсэн нь олны шүүмжлэл дагуулаад байна.

Дээрх асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодруулахад: 

Би тэр Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь халуулах хүсэлтийг ирэх даваа гарагт фэйсбүүк компанид хүргүүлэх гэж байгаа. Учир нь хамтын ажиллагааны хүрээнд уулзаж, хуулийн орчуулгаа хүргүүлсэн. 11-р сард ажлын хэсэг явуулахаар тохиролцсон. Бидний ярилцсан хурлын протокол байгаа. Фэйсбүүк компани улс орны дотоод хэрэгт оролцох ёсгүй. Гэтэл манай улсын зарим төрийн албан хаагчид руу дарамталсан и-мэйл явуулсан. Манай улсыг хоригт оруулна, АНУ-ын зүгээс шахалт, дарамт үзүүлнэ гэх мэтээр и-мэйл явуулсан. Тиймээс хурлын протоколыг хавсаргаж ажлаас нь халуулах хүсэлт явуулна. Мөн надаас уучлал гуйх ёстой. Уучлалт гуйхгүй бол шүүхэд хандана гэв.