В ХХК-иас татварын байцаагч нь тус компанийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт явуулж, 1.168.659.382 төгрөгийн нөхөн татвар, 467.463.752.8 төгрөгийн торгууль, 233.731.876.4 төгрөгийн алданги, нийт 1.869.855.011.2 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоохдоо мэдээлэл, зөвлөгөөгөөр хангаагүй, хяналт шалгалт хийх тухайгаа мэдэгдээгүй, татвар төлөгчийн хувьд эдлэх эрхийг эдлүүлээгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэн актыг хүчингүй болгуулахаар маргасан.
Аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 6 дугаар зүйлийн 6.1-д “...албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана" гэж заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор харьяалах Татварын албанд бүртгүүлэх үүрэгтэй гэж тайлбарласан.
В ХХК нь дээрх хуульд заасан хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэлгүй 5 сарын дараа бүртгүүлсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль тогтоомж зөрчсөн нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, банкны харилцах дансны гүйлгээ зэргээр нотлогдсон гэж үзжээ.
В ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор харьяалах Татварын албанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой байтал бүртгүүлээгүй болох нь нотлогдож байна.
Түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Н/39 дүгээр тушаал, 2020 оны А/142 дугаар тушаалаар Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөөг баталсан байх ба уг тушаалын хавсралтад татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалтад В ХХК-ийн нэр оржээ.
Иймд В ХХК-ийг эрсдэл бүхий хуулийн этгээд гэж үзэн, татварын хяналт шалгалт хийж, Нөхөн ногдуулалтын акт оногдуулсан нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан