Цаг үеийн мэдээ

Сар шинийн баярыг угтаж нийслэлийн Онцгой байдлын газраас анх удаа үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг өнөөдөр ОБЕГ-ын харьяа 120 дугаар ангийн спорт зааланд зохион байгуулж байна.

Нээлтийн ажиллагааны үеэр ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ц.Ганзориг, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн дарга, хурандаа Г.Эрхэмбаяр нар үндэсний бөхийн барилдаанд оролцож буй алба хаагчдад амжилт хүслээ.

Монголын үндэсний бөхийн холбооны гарын даа, хөлийн цэц, засуулууд бөхийн барилдааныг мэргэжил арга зүйгээр ханган хамтран зохион байгуулж буйгаараа онцлог болж байна.

Үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолгүй 128 аврагч, гал сөнөөгч хүч бяр, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Түрүү бөхийг шилжин явах цом, Г.Эрхэмбаяр аваргын гарын бэлэг 1,000,000 төгрөг, үзүүр бөхийг дурсгалын зүйл, Г.Эрхэмбаяр аваргын гарын бэлэг 500,000 төгрөг, их шөвгийн хоёр бөхийг 200,000  төгрөг, дунд шөвгийн дөрвөн бөхийг 100,000  төгрөгөөр шагнаж урамшуулах юм.

Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хувийн сонирхлыг дэмжих зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа