Цаг үеийн мэдээ

БНТУ-ын Хатай мужийн Антакья хотод дэлгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлгийн бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр гэмтлийн болон бусад шалтгаант нийт 66 иргэн, түүний дотор 8 хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн тухай мэдээг дэд хурандаа Л.Лувсандорж ирүүлэв.

Энэхүү эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээнд давтан боолт хийлгэхээр 22 үйлчлүүлэгч, толгойн духны хэсгийн язарсан шархтай үйлчлүүлэгчид оёдол тавих, гарын тохойн хэсгийн хугарал мултрал засах, гарын сарвуу хэсгийн түлэгдэлтэй зэрэг гэмтлийн тусламж үйлчилгээг 13 хүнд үзүүлсэн байна. 

Мөн амьсгалын дээд замын халдварт өвчин, хоол боловсруулах замын хямрал, халдварт өвчний асуумж бүхий 18 үйлчлүүлэгчдэд шингэн сэлбэх болон эмийн эмчилгээ хийж биеийн байдлыг нь тогтворжуулан зөвлөгөө өгсөн ба давтан хяналт хийхээр буцаажээ. 

Тус эмнэлгийн бүлгийн үйл ажиллагаатай БНТУ-ын Эрүүл мэндийн яамны Гадаад харилцааны орлогч дарга биечлэн танилцсан ба энэ үеэр цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж, тэдэнд талархал илэрхийлсэн аж.

                                                               Хурандаа Б.ОТГОНБАЯР