Цаг үеийн мэдээ

”Монголд зочлох жил 2023-2025” арга хэмжээний хүрээнд хөрш орнуудын аялал жуулчлалыг хөгжүүлж,  2023 онд ОХУ-аас 200-250 мянган жуулчин хүлээн авах зорилгоор Монголд анх удаа Монгол-Оросын тур оператор компаниудын форум уулзалт, танилцах аяллыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. 

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар оролцож үг хэллээ. 

Энэ жил Оросын зах зээлээс 200- 250 мянган жуулчин хүлээж авахын тулд олон талт маркетинг ажлууд хийж, хил залгаа бүс нутгуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар Монгол орныг сурталчилж, орос хэл дээр www.welcome-to-mongolia.ru веб сайтыг ажиллуулж байна. 

Уг форумд ОХУ-ын 27 бүс нутгаас 100 ТУР оператор компани, тус Улсын 35 хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, Монгол талаас 106 тур оператор компаниуд оролцож, нийт 200 гаруй төлөөлөгчдийн дунд бизнесийн гэрээ хэлцэл хийх, харилцан мэдээлэл солилцох B2B уулзалт болох юм. 

Мөн “ФАМ ТУР”-ын үр өгөөжийг нэмэгдүүлж, Монголд ирэх Орос жуулчдын тоог өсгөх, цаашдаа хоёр орны Төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнесийн компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлж, тогтвортой харилцаа үүсгэх боломжийг өгөхөөр зорьж байна. 

Уг форумыг Монгол  Улсын  аялал жуулчлалын салбарын 40 гаруй байгууллагууд (авиа компани, зорчигч тээвэр, зочид буудал, ресторан, зоогийн газар, үзвэр үйлчилгээний газрууд, бэлэг дурсгал, худалдааны байгууллагууд, үндэсний үйлдвэрлэгч) компаниудын хандив тусламж, дэмжлэгийн дор зохион байгуулж байна. 

Оролцогчид Монголд байх хугацаанд Улаанбаатар хот болон хот орчмын аялал жуулчлалын тур баазууд, үзвэр үйлчилгээний газруудтай танилцах ба форум 2023 оны 12-р сарын 14-19-ны өдрүүдэд болно.