Цаг үеийн мэдээ

Өрсөлдөх чадвараараа хомоол хамсан Говь-Алтайн засаг дарга О.Амгаланбаатар аймгаа хөгжүүлэх супер арга бодож олсон байна. Асуудал, бэрхшээлийг хэрхэн давж шийдэх вэ гэдэгт толгой гашилгахын оронд сор залж гай барцад, зовлон зэтгэрийг арилгахаар шийджээ. Мянган ээж сүү өргөж, 1000 цэрэг жагсан гал тавьжээ. Нэг ээж нэг удаа сүү өргөх хөлс зардал гэх мэтийг тооцож, төсвөөс мөнгө гаргасан байна. Төсвийн мөнгөөр сор залсны бодит үр дүнг шашин, төрийг хослон баригч засаг дарга ямар баримтаар тайлагнах вэ гэдэг нь судлаачдын сонирхлыг татаж байна. Сор залсны дараа хэдэн компанийн бизнес хэдэн төгрөгөөр тэлсэн, ямар дэд бүтэц өөрөө үүсэж тавигдан гайхамшигт Гандирсын хот үүссэн, тулгамдсан асуудал бэрхшээлүүд үлгэрийн юм шиг арилсан гайхамшгийн тайланг дараа жил үзэх нь байна.  

Эрт урьдын цагт сор залах нь гай барцад, зовлон зэтгэр, чөтгөр шулмыг даран сөнөөх шашны зан үйл байсан юм. Энэ цаг үед сор залснаар эдийн засаг, нийгмийн хөгжилд гай болсон асуудал бэрхшээлийг шийдэхэд яаж тус болдог талаар судлагдаагүй байна. Хөгжингүй орнууд сор залахгүйгээр ажил хийж, асуудал шийдэж дэвшиж дээшилсэн нь ямар учиртай вэ? Үнс нурам, үхэл зовлон дундаас өндийн боссон улс орнууд дайны галд хуйхлагдаж байсныг сор залагдсан гэж тооцох юм уу? 

Аймгийн заан О.Амгаланбаатар нь АН-аас 2 дахь удаагаа аймгийнхаа шашин, төрийг хослон барихаар томилогдсон. Цэвэр усны савны шошго дээр зургаа хэвлүүлэх, нийтийн гэрлэлт зохион байгуулан цус холих, нэгэн зэрэг хэд хэдэн хатан буулгасан гэх зэрэг хэл ам, хэрүүл шуугиан тарьж яваа ч аймаг нь хөгжлөөрөө баян ходоод болсоор байгаа билээ.