Цаг үеийн мэдээ

Хазсан нохой, хазуулсан хүн хоёрыг нүүрэлдүүлсэн мэт шог гараагаар ажлаа эхэлсэн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ахин дуулианы эзэн боллоо. Хавдраа ялсан хүүхдүүдэд “Эрэлхэг баатар”  медаль зүүж өгсөн нь сошиал талбарт хэрүүлийн алим болж байна. Нэг талаас өвчнөө ялсан хүүхдүүдэд урам өгч байж болох ч нөгөө талаас шаналан зовж үлдсэн хүүхдүүдийг сэтгэл санаагаар унагаж, алагчилж ялгаварласан үйлдэл. Хорт хавдрыг хүртэл одон медальтай тэмцээн уралдаан болголоо гэж иргэд шүүмжилж байна. Нөгөө талаас С.Чинзориг Эрүүл мэндийн сайд болсон учраас энэ удаа медаль гардуулж, олны анхаарлын төвд орсноос бус 2017 оноос эхэлж уламжлал болсон, ДЭМБ-ын Глобал санаачилга юм байна. Хорт хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 хувиас дээш нэмэх, эмчилгээнийх нь чанар, хүртэйэмжийг 10 жилд 2 дахин өсгөж, 1 сая хүүхдийн амь насыг аврах зорилготой санаачилгад Монгол нэгдсэн. Дэлхийд жилд 400 мянга, Монголд 100 гаруй хүүхэд хорт хавдраар өвчилдөг, 95 хувийнх нь шалтгаан тодорхойгүй байдаг. Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдрөөр болдог арга хэмжээ нь зөвхөн медаль гардуулдаг биш  эм тарианы зардал мөнгө, эмчилгээ, үйлчилгээний тусламж олгодог. ДЭМБ-ын санаачилгад Монгол Улс нэгдэж, Америкийн Сэнт Жүүд эмнэлэгтэй хамтран, хүүхдийн хорт хавдартай тэмцэж байна. Одон медаль тараадаггүй, иргэдээ алагчилж ялгаварлах нь бага гадаадад бол “Эрэлхэг баатар” шагнал үр дүнтэй байх. Нэг хүнд ноогдох одон медалиар дэлхийд Хойд Солонгостой үзүүр түрүүнд өрсөлддөг Монгол гэдэг дотоодод шал өөр гэдгийг гадаадынхан яаж мэдэх вэ дээ.