Цаг үеийн мэдээ

Цагдаагаас койн, токены 7 хэрэг шалгаж байна. Койн, токен гаргасных нь төлөө биш виртуаль хөрөнгийн тухай хуулийг зөрчиж, дотоод мэдээллийг хууль бусаар ашигласан, арилжааг урвуулан ашиглаж мөнгөн угаасан зэрэг үйлдлээр нь шалгаж байгаа юм байна. WPL койноор нийт 8,6 тэрбум төгрөг татсанаас 88 хувийн хувьцаа эзэмшигч Х.Эрдэнэбаяр 833 мянган долларыг мөрийнд тавьсан байна. Х.Эрдэнэбаяр дээр  монголчууд мухар сохор бооцоо тавиад, Х.Эрдэнэбаяр нь цаашаа Английн спорт бооцооны сайтад мөрийгөө тавьжээ. Нохой сүүлээ, сүүл хонгорцгоо гэдэг шиг юм болсон байна. Суут зохиолч М.Достоевскийн хэлснээр “Хулгайлцгааж л байх шив дээ” гэдэг шиг л бие биеэ хулхидаад, ядуу Монголоосоо хулхидсан мөнгө нь баян Америк, Англи, Австрали руу шууран одож байна. Койны мөнгөнөөс  833 мянган доллар хувийн дансандаа авч, Английн бооцооны сайтад наадан тоглосон Х.Эрдэнэбаяр өнгөрсөн оны наадмын өдөр Америк руу наадахаар явсан. Авсан хүн Х.Эрдэнэбаярын хувьд наадам болж, алдсан хүмүүсийн хувьд наадам биш найр болжээ.