Цаг үеийн мэдээ

Монгол түмний уламжлалт баяр, XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин /усан/ туулай жилийн сар шинийн баярыг  угтан 2 дугаар сарын сарын 18-19-нд Батлан хамгаалах яам ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг нарын удирдлага, Ахмадын хорооны дарга бэлтгэл хошууч генерал Д.Магсаржав, эх орныхоо хөгжил дэвшил, улс орныг батлан хамгаалах үйл хэрэг, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмадууд оролцлоо.

Салбарын удирдлагууд Батлан хамгаалах яамны бодлого, зорилт, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулж, Батлан хамгаалахын сайдын мэндчилгээг уламжлав.

2022 он Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тууштай хэрэгжүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлсэн, цар тахлыг даван туулж чадсан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдийн амьдрал хэвийн горимд шилжсэн онцлог жил байсан.

Гэсэн ч улсын төсвийн хүндрэлтэй байдал үргэлжилж, цар тахлын дараах хүндрэлийг даван туулах, инфляцын хөөрөгдөл, валют, зарим бараа бүтээгдэхүүний хомсдол, гадаад өрийн дарамт, төгрөгийн ханшийн уналтаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт иргэдийн амьжиргаанд хүндээр туссан, тодорхой асуудлуудын улмаас нийгэмд бухимдал үүссэн зэрэг ээдрэйтэй асуудлууд байсаар байна.   

Нөхцөл байдал ийм байгаа ч Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх зорилтуудаа тодорхойлж, 2050 он гэхэд батлан хамгаалах тогтолцоо  төгөлдөржин, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэгдмэл тогтолцоотой, технологижсон, өндөр чадамжтай Зэвсэгт хүчинтэй болох томоохон зорилгыг дэвшүүлэн ажиллаж байгааг салбарын удирдлагууд онцолсон.

Түүнчлэн “Өнгөрөгч онд манай салбарын хувьд төрийн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх зорилгыг хангахад ахиц гаргасан, гадаад харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлсэн, томоохон төсөл арга хэмжээгээ урагшлуулсан, улс орныхоо стратегийн бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцсон, алба хаагчдынхаа ажиллах, амьдрах орчин, нөхцөлийг сэргээн сайжруулсан цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого, шийдвэр гаргасан, хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдмэл байдлыг хангасан зэрэг ололттой олон ажил, арга хэмжээг хэрэгжүүллээ” гэв. 

Батлан хамгаалах салбарын хувьд 2022 онд “Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг УИХ-аар батлуулж, Цэргийн тагнуулын газрыг ЗХЖШ-ын бүтцэд шилжүүлсэн. Салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэд хэдэн хуулийн төсөл дээр ажилласан.

“Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын даргад өргөн бариад байна. 

Үүний зэрэгцээ “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох яамд, мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулж, “Цэргийн албаны тухай”, “Дайны байдлын тухай” зэрэг салбарын томоохон хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг салбарын удирдлагууд хэлсэн.

Батлан хамгаалах яамнаас ахмад настны талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдсан. Дээрх бодлого, төлөвлөгөөнд туссан арга хэмжээнүүд эхнээсээ бодитоор хэрэгжиж эхэлснийг ч дурдлаа. 

Тухайлбал, Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Сайдын дэргэдэх ахмадын зөвлөл байгуулагдаж, үйл ажиллагааг нь эхлүүлж, "Ахмадуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ болон биеийн тамир, соёл урлаг, архивын үйлчилгээ үзүүлэх журам"-ыг баталж мөрдүүлээд байна.

Мөн ахмадуудын дунд ихээхэн хүлээлттэй байгаа “Ахмадын хөгжлийн төв”-ийн барилгын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны эхний хагасд дуусгаж, ашиглалтад хүлээн авахаар бэлтгэж байна. 

Арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Батлан хамгаалахын сайдын тушаалаар төрийн дээд одон, медаль болон салбарын шагналаар шагнагдсан ахмадуудад шагналыг нь гардуулан өглөө.    

Ахмадууд салбарын бодлого, зорилт, үйл ажиллагааны үр дүнгийн хэрэгжилт, ил тод нээлттэй байдлыг сайшааж, оновчтой санал санаачилга бүрийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.