Цаг үеийн мэдээ

Энэ жил Зэвсэгт хүчний хэд хэдэн нэгтгэл, ангийн түүхт ой тохиож байгаагийн нэг нь Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 100 жил юм. 

Эгнээнээсээ 10 баатар төрүүлсэн нэгтгэлийнхэн түүхт ойгоо угтаж БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, Төв аймгийн ЗДТГ-ын дэмжлэг болон өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан 11 бүтээлч ажил хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, сургуулийн төвийг шинээр байгуулах, жагсаалын талбайгаа засварлах, тактикийн ажиллагааны хотхон байгуулах зэрэг алба хаагчдын ажиллах, цэргийн сургалт бэлтгэлийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээлч ажлуудыг энэ ондоо багтаан хэрэгжүүлнэ. 

Мөн түүхт ойн хүрээнд нэгтгэлийн замнал түүхийг олон нийтэд түгээн алдаршуулах, хүүхэд багачуудад цэрэг-эх оронч үзэл хүмүүжил олгох, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх зэрэг иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлыг Хуурай замын цэргийн командлалаас зохион байгуулна. Нэгтгэлийн түүхт ойн арга хэмжээ гуравдугаар сарын 10-ны өдөр “Дайчин замнал, түүх сургамж” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар эхэлнэ. 

Энэхүү хурлаар “1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал, хувьсгалын ялалт, ач холбогдол”, “Нэгтгэлийн түүхэн замнал, ололт, амжилт”, “1932-1936 оны Алс дорнод дахь тулалдаан, түүнд нэгтгэлийн оролцоо”, “1939 оны Халхын голын байлдаан, түүнд нэгтгэлийн оролцоо”, “1945 оны Чөлөөлөх дайн, түүнд нэгтгэлийн оролцоо”, “Улс орны бүтээн байгуулалт, энхийг дэмжих ажиллагаа, түүнд нэгтгэлийн оролцоо” гэсэн найман сэдвийн хүрээнд илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг явагдана.