Цаг үеийн мэдээ

ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүн монголын ард түмний үнэт зүйл, өв соёл, түүх уламжлалын бэлгэдэл, төрт ёсоо дээдлэн сар шинийн баярт зориулсан нэгдсэн золголтыг энэ сарын 24-ний өдрийн 09.00 цагт зохион байгуулав.

        Энэхүү уламжлалт ёслолд ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр, орлогч дарга хурандаа Т.Галбадрах болон зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, төрлийн цэргийн командлагч нар, нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.

        Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн хаврын тэргүүн сарын ажлын эхний өдрийн өглөө ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба нийт бие бүрэлдэхүүнд хандан өнгөрөгч усан бар жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, айлчлан ирж буй туулай жилдээ ажлын арвин их амжилт гаргахыг хүсэн ерөөсөн юм.

        Энэ үеэр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Эртний сайхан” хэмээх уртын дуугаар мэндчилгээ дэвшүүлж, ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хуралдааны танхимд хүндэтгэлтэйгээр залсан морин хуурыг хөглөн “Жонон харын явдал” хэмээх аялгууг тоглосноор нийт бие бүрэлдэхүүний сэтгэлийг баясгав.

          Үүний дараа Зэвсэгт хүчний Жанжин штабын бие бүрэлдэхүүний нэгдсэн золголтыг зохион байгуулж, туулай жилийн төлөвлөгөөт ажлаа албан ёсоор эхлүүллээ.

Хурандаа Б.ОТГОНБАЯР