Цаг үеийн мэдээ

Монголын аялал жуулчлалын салбарын ууган эвент "Түмэн Тэмээний Баяр" нь 24 дэх жилдээ Өмнөговь аймаг Даланзадгад суманд "Нээлттэй Өмнөговь" Монголд зочлох жилийн хүрээнд өргөн дэлгэр зохион байгуулагдах гэж байна.

"Түмэн тэмээний баяр" нь говьчуудын тэмээнд түшиглэсэн соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, тэмээн аялал, тэмээн спортыг хөгжүүлэх, тэмээчид малчдаа алдаршуулах, тэмээн сүргийг өсгөн хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлж орон нутгийн хөгжлийг дэмжих үндсэн зорилготой.

1997 оноос анхлан зохион байгуулагдсан "Түмэн тэмээний баяр" өвлийн наадам нь 2016 онд Монгол орны тэмээчид, уралдаанчдыг хамарсан "Монгол тэмээ-999" тэмээний уралдаанд 1108 тэмээ барианд оруулж Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.

ХӨТӨЛБӨР:

Хэзээ: 2023 оны 3 сарын 05 - 07 – ны өдрүүдэд болно.

Хаана: Өмнөговь аймаг, Даланзадгад хот

03 сарын 05-ны өдөр

10:00 – 17:00 Тэмцээнд оролцогчдыг бүртгэх 

12:00 – 15:00 Шилмэл тэмээний дуудлага худалдаа 

14:00 – 17: 00 Захиалгын дагуу “Даланзадгад хот”- той танилцах аяллаар аялах.

“Даланзадгад хот”-ын аяллыг 5-аас дээш хүнтэй группэд орон нутгийн бэлтгэгдсэн хөтчүүд зохион байгуулдаг. Утас: Аймгийн БОАЖГ мэргэжилтэн 89054466 Н. Бурмаа, 80061446 Б.Ариунцэцэг

03 сарын 06-ны өдөр

10:00 – 13:00 “Түмэн тэмээний баяр – 2023” наадмын тэмээн поло тэмцээний тоглолтууд

10:00 – 12:00 Тайлаг тэмээний бооцоот уралдаан 

11:00 – 17:00 “Тэмээ - Миний найз” хүүхдийн гар зургийн уралдааны бүтээлийн үзэсгэлэн. Даланзадгад хотын төвд шинээр байгуулагдсан, нутгийн иргэдийн бүтээсэн, гар урлал, уран зураг, хүнсний бренд бүтээгдэхүүн бүхий “Өмнөговьд үйлдвэрлэв” худалдаа үйлчилгээний төвд зохион байгуулагдана. 

13:00 “Түмэн тэмээний баяр - 2023” наадмын нээлтийн ажиллагаа. Даланзадгад хотын наадмын морь барианы талбайд “Тэмээтэй парад жагсаал” –аар эхэлнэ. Тэмээний баярт ирсэн жуулчид, иргэд тэмээтэй парад жагсаалд оролцоно. 

13:00 – 15:00 “Гоё тэмээтэй сайхан хос”- ын шалгаруулалт явагдана. Үндэсний хувцастай, тэмээгээ зүйл бүрээр гоёж чимэглэсэн иргэд оролцоно. Аялагч жуулчид оролцож болно.

15:00 – 17:00 Тэмээтэй буухиа уралдаан явагдана 4х500 метр. 

16:00–17:00 Тэмээн поло тэмцээний аваргын цомын төлөө шувтаргын 2 багийн тоглолт явагдана. 

18:00 – 21:00 Хүндэтгэлийн “Оройн зоог”. Тусгай хөтөлбөр (төлбөртэй). Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн теарт зохион байгуулна.

20:00 – 22:30 Тэмээчид болон зочдод зориулсан нийтийн бүжиг. Хан – Уул зочид буудлын Бүжгийн танхимд болно. 

03 сарын 07-ны өдөр

09:00 – 12:00 “Түмэн тэмээний баяр – 2023” наадмын тэмээний уралдаанууд явагдана. Нас бие гүйцсэн Атан тэмээ, хоёр наст тэмээ буюу Тором уралдана. 

14:00 Тэмээчид малчдын авхаалж самбааг сорьсон, тэмээн соёлд түшиглэсэн “Тэмээтэй буухиа тэмцээн”

16:00 Уралдаан тэмцээнүүдийн шагнал гардуулах ажиллагаа, хаалтын үйл ажиллагаа болно.