Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2023 оны 02  дугаар сарын 19-24-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийлээ. 

Айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Төрийн сайд Мохаммед Ахмед Аль-Буардитай хоёр талын уулзалт хийв. Уулзалтаар талууд хоёр орны дипломат харилцааны хүрээнд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал эрчимтэй хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүнчлэн батлан хамгаалах салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэдэгт харилцан санал нэгдсэн юм. 

Уулзалтын төгсгөлд сайд нар Монгол Улсын Батлан хамгаалах яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Батлан хамгаалах яамд хоорондын батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. 

“Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулснаар Арабын Нэгдсэн Эмират Улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэж, цэргийн хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлснээр Монгол Улсын Батлан хамгаалах яам дэлхийн 39 дэх улстай цэргийн дипломат харилцаа тогтоосон түүхэн үйл явдал болсон юм. 

Мөн тус улсад хийсэн айлчлалын үеэр сайд Г.Сайханбаяр Абу Даби хотноо зохион байгуулагдсан Батлан хамгаалахын олон улсын бага хуралд хүндэт зочноор оролцов. Энэхүү олон улсын бага хуралд дэлхийн 80 гаруй улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн, батлан хамгаалах судлал, аюулгүй байдал, аж үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 24 олон улсын байгууллагын 2800 орчим албаныхан, эрдэмтэн, судлаачид оролцсон ач холбогдолтой хурал болж өндөрлөлөө. Хурлын төлөөлөгчид технологийн хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, орчин цагийн цэргийн ажиллагаа, дайнд технологийн дэвшлийг өргөнөөр хэрэглэхийн сөрөг үр дагавар, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, олон улсын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон юм. 

Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүн 30 дахь жилдээ зохион зохион байгуулагдсан “IDEX and NAVDEX-2023” батлан хамгаалахын зэвсэглэл, техникийн үзэсгэлэнг үзэж сонирхсон юм. Улмаар дэлхийн бусад улс орнуудын зэвсэгт хүчний хөгжил, зэвсэглэл техниктэй танилцаж Монгол Улсын Зэвсэгт хүчинд шаардлагатай зэвсэглэл, тоног төхөөрөмжийг судлав.

Уг үзэсгэлэнд дэлхийн 65 орны батлан хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 1350 орчим үйлдвэрлэгчид, 130.000 гаруй зочид, төлөөлөгч оролцсон томоохон арга хэмжээ зохион байгуулагдав.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн энэхүү айлчлал нь Монгол Улсын батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн, өндөр ач холбогдолтой айлчлал боллоо.