АНУ-ын Умард Калифорниа мужийн худалдаа, эдийн засаг, соёлын төв болсон Сан Франциско хот өнгөт арьстай иргэн бүрд 5 сая ам.доллар олгох нөхөн төлбөрийн сан байгуулсан АНУ-ын анхны томоохон хот болж магадгүй. Тус хот 800 мянга гаруй оршин суугчтай бөгөөд тэдний 44,000 гаруй нь африк гаралтай өнгөт арьстай иргэд байдаг ажээ.
Захиргааны хяналтын зөвлөл уг саналыг хэлэлцэж эхэлжээ. Саналыг дэмжигчид түүхийн эрт үед боолчлогдож, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж байсан өнгөт арьст Америкийн иргэдэд нөхөн олговор олгох нь зүйн хэрэг гэж үзжээ. Африк гаралтай америк иргэдийг боолчилсноор тэдний үр удам ядуусын эгнээнд орж, эрүүл мэндээрээ хохирч, хавчин гадуурхагдаж байсны төлөөсөө төлөх ёстой гэжээ.
Харин саналыг эсэргүүцэгчид хэт нөхөн олговрыг өндөр дүнтэй хэмээн шүүмжилж байгаа юм. Мөн хэзээ ч боолтой байж үзээгүй хотын зарим иргэн хэзээ ч боолчлогдож үзээгүй иргэдэд мөнгөө өгөх нь шударга биш гэж үзжээ. Ассошейтэд Пресс агентлагийн мэдээлснээр мягмар гарагт болсон анхны хэлэлцүүлэг сонсголыг хотын захиргаа нааштайгаар хүлээж авсан гэжээ.
Сүүлийн хэлэлцүүлгийн дүн энэ зургадугаар сард гарна гэж хүлээж байна. Дараа нь мужийн хууль тогтоох шатны байгууллагын эрх баригчид саналыг хууль болгон баталж хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.
Эх сурвалж: ВВС