Цаг үеийн мэдээ

Польш улс ойрын хугацаанд Украин руу зөвлөлтийн үеийн Миг сөнөөгч онгоц дөрвийг илгээхээ мэдэгдлээ. Ингэснээр Польш нь Оросын халдан түрэмгийллээс хойш Украин руу байлдааны зориулалттай сөнөөгч онгоц илгээж буй НАТО-ын анхны гишүүн орон болж байна.

Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда эхний удаад Украин руу дөрвөн онгоц илгээх ба цаашид онгоцны тоог нэмнэ гэжээ. Украины Батлан хамгаалах яам уг мэдээг сайшааж хүлээж авсан байна. Бусад улс орнууд ч мөн үргэлжлүүлэн цэрэг армийн тусламж үзүүлж сөнөөгч онгоцнууд илгээнэ гэдэгт итгэж буйгаа мэдэгджээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар НАТО-ын бусад орнууд зөвлөлтийн үеийн байлдааны онгоцнуудаа Украин руу илгээхээр хэлэлцэж байгаа аж. Өмнө нь Украин өрнөдийн холбоотнуудаас Оростой хийж буй дайнд F-16 зэрэг орчин цагийн байлдааны онгоцнуудаар туслахыг хүсэж байсан юм. 

Их Британийн арми Украины нисгэгчдийг НАТО-ын стандартын онгоцнуудаар нисэх сургуулилалтыг зохион байгуулж байгаа хэдий ч урт хугацааны сургалт орох шаардлагатай тул өрнөдийн орнууд орчин үеийн технологийн сөнөөгч онгоцнуудыг ойрын хугацаанд нийлүүлэх төлөвгүй байна. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа