Цаг үеийн мэдээ

Шайбтай хоккейн Ази Номхон далайн орнуудын U18 насны ангиллын "Challenge cup" тэмцээн гуравдугаар сарын 11-17-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод боллоо. Тус тэмцээнд Монгол, Иран, Туркменистан, Тайланд, АНЭУ, Узбекистан гэсэн зургаан орны баг тойргоор өрсөлдөж Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль хүртэж нутгийн хөгжөөн дэмжигчдээ баярлуулав. Дөрвөн тоглолтоос 2 хожил, 2 хожигдолтой явсан 🇲🇳 Монголын баг өнөөдөр "Мөсөн өргөө"-д сүүлийн тоглолтоо 🇹🇭 Тайландтай шигшээ багтай хийсэн. 

Хожсон нь хүрэл медаль хүртэх байсан тус тоглолтод манай тамирчид 1:4-өөс гайхалтай эргэн ирэлт хийж дараалан 5 шайб өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааснаар 6:4-өөр ялалт байгуулж Монголчуудаа баярлуулав. Манайхаас М.Чинзолбоо 3, А.Билгүүн 2, У.Цэнгэл 1 гоол оруулж багийнхаа ялалтад үнэтэй хувь нэмрийг орууллаа.