Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, мөн хүүхдийн эрхийн төлөөлөгч Мария Львова-Белова нарыг баривчлах олон улсын зөвшөөрөл гаргажээ.
2023 оны 3-р сарын 17-ны өдөр Олон улсын эрүүгийн шүүхийн Урьдчилсан шатны хоёрдугаар танхим Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас ноён Владимир Владимирович Путин, хатагтай Мария Алексеевна Львова-Белова нарын хоёр хүнийг баривчлах тушаал гаргалаа гэж Олон улсын эрүүгийн шүүхийн хэвлэлийн бага хуралд зарлагджээ.
Путин, Львова-Белова нарыг Украины хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргасан хэрэгт сэжиглэж байгаа гэж Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) тайлбарлажээ. Пүрэв гарагт НҮБ-ын Мөрдөн байцаах комисс Украины хүүхдүүдийг Орост шилжүүлсэн нь дайны гэмт хэрэг гэж үзэж болно гэж мэдэгджээ.
Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид Путин эдгээр гэмт хэрэгт шууд оролцогчийн хувьд ч, доод тушаалтнууд нь өөрийн санаачлаг, зөвшөөрлөөр эдгээр гэмт хэргийг үйлдсэн удирдагчийн хувьд биечлэн хариуцлага хүлээх ёстой гэж үзэх хангалттай үндэслэлтэй гэж хэлжээ.
Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт хүний хувьд Мария Львова-Беловаг ОУЭШ-ээс Ромын дүрмийн зүйл заалтын дагуу Путинтэй ижил гэмт хэрэгт сэжиглэж байна.
"Хатагтай Львова-Белова эдгээр гэмт хэргийг шууд, бусад хүмүүстэй хамтран болон /эсвэл бусад этгээдийн үйлдлээр дамжуулан үйлдсэнийхээ төлөө хувийн хариуцлага хүлээх үндэслэлтэй" гэж Олон улсын эрүүгийн шүүхийн мэдэгдэлд дурджээ.
Орос улс Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн харьяалалд хамаарахгүй учир үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.
Украины тооцоогоор Орос улс 16 мянга гаруй хүүхдийг эх орноос нь гаргасан байна.
Баривчлах тушаал гаргасан нь ОУЭШ-ийн хувьд чухал алхам юм. Хамгийн гол нь Олон улсын эрүүгийн шүүх гаднаас шийдвэр гаргадаггүй. Өөрөөр хэлбэл, Путины хэргийг шүүхээр шалгахын тулд түүнийг Гаагт биечлэн оролцуулах ёстой байна. Гэхдээ ийм боломж маш бага байна. Мэргэжилтнүүд ОУЭШ-д Владимир Путиныг шүүх бодит боломж олдоно гэдэгт эргэлзэж байна.
Эх сурвалж: BBC