Цаг үеийн мэдээ

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 102 жилийн ойг тохиолдуулан орон нутагтаа иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэрэг эх оронч үзэл хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан тусгай хөтөлбөр гаргаж, хэрэгжүүллээ.

Хүүхэд залуучуудад цэргийн албыг сурталчлах хүрээнд Өвөрхангай аймгийн шатрын дугуйлангийн сурагчдыг ангийн байрлалд урьж, танкийн тусгай хорооны замнал түүх, алдар гавьяа, амжилт бүтээлийн талаар мэдээлэл өгөв.

Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан “Марш тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах тэмцээний тэргүүн байрт дэд ахлагч М.Энхбат захирагчтай Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн байнгын бүрэлдэхүүний тасаг, дэд байрт дэслэгч Ц.Ганбаатар захирагчтай цэргийн гэрээт алба хаагчдын тасаг, гутгаар байрт дэслэгч Б.Сүрэнжав захирагчтай Онцгой байдлын газрын баг тамирчид шалгарч, шагналаа гардан авлаа. 

Гуравдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын баатар Л.Аюушийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, аймгийн Хөгжим драмын театрт “Монгол цэргийн өдөр”-т зориулсан баярын хурал болж, зарим бүрэлдэхүүн төрийн болон салбарын медалиар шагнагдав.

Төгсгөлд нь Арвайхээр цэргийн хүрээний нэгдсэн тооллого болсон бөгөөд танкийн батальоны хугацаат цэргийн алба хаагчид жагсаал болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг нутгийн иргэдэд сонирхуулсан юм.