Цаг үеийн мэдээ

Ховд аймгаас 2022 онд цэргийн жинхэнэ албанд татагдан Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн ангиудад алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдадаа Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн мэндчилгээг хүргэхээр аймгийн Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Б.Ганхуяг нар аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн хамтаар 2023 оны 3 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд дээрх ангиудад ажиллалаа.

Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга хугацаат цэргийн алба хаагчидтай чөлөөт ярилцлага зохион байгуулж, тэдний санал сэтгэгдлийг сонсон, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг сонирхуулсан ба баяр дээр нь баяр нэмж цаашдын албанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. 

Мөн аймгийн Засаг дарга Э.Болормаа дээрх ангиудын эмэгтэй алба хаагчидтай уулзаж ярилцан, тэдний сэтгэгдлийг сонслоо.

Энэхүү уулзалтын төгсгөлд тэрээр "Монгол цэргийн өдөр"-өөр хугацаат цэргийн алба хаагчид болон эмэгтэй алба хаагчидтай уулзах боломжийг бүрдүүлсэн Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн ангиудын удирдлага, хамт олонд талархсанаа илэрхийлж, цаашдын ажил, албанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөсөн юм.