Цаг үеийн мэдээ

Өвчтөн нь эмчээ зодож байгаад хүчээр биеэ үзүүлсэн галзуу солиотой, гажиг жигтэй явдал өнгөрөгч 7 хоногт гарлаа. Улсын 3-р эмнэлэгт үйлчлүүлэгч өөрийн авсан цагаасаа 2 цаг 30 минут хоцорч ирээд, өөрийн биеэр дараалал дайрч, эмч М.Цэвэлмааг хэл амаар доромжилж, биед нь халдаж цохиж байгаад өөрийнхөө биеийг хүчээр үзүүлсэн юм байна. Оочир дараалалд байсан бусад хүмүүс ч, тасгийн эрхлэгч нь ч, эмнэлгийнхэн ч хүчээр биеэ үзүүлэгчид шаардлага тавиагүй.  Эрүүл нь согтуугаасаа, согтуу нь галзуугаасаа айна гэдэг шиг юм болж эмч  бүсгүй ганцаараа нудчуулж доромжлуулж, өрөөндөө уйлж үлдсэн тухайгаа сошиал сүлжээнд нийтэлжээ. “Өнөөдөр би зодуулж байхад өмөөрөх хүн байхгүй, хууль байхгүй. Өрөөндөө уйлаад суух тавилантай, Монголын нийгэм! Эмчийн нэр хүнд! Эмчийг хамгаалах тогтолцоо! Дахиж өнөөдөр үзэх ёстой 50 хүн байна. Эмч байхын тулд дарамт, доромж, зодуур ч бас дийлдэг байх ёстой юм шиг байна” гэж постолжээ. Тасгийн эрхлэгчдээ хэлэхэд өөрөө зохицуул гэдэг мэргэн заавар, үнэтэй зөвлөгөө өгсөн юм байна. Эмч М.Цэвэлмаа цагдаад хандан, өргөдөл хүсэлтээ гаргажээ. Энэ бол наад зах нь зөрчлийн хэрэг. 

Ингэхэд ер нь эмчдээ хүч хэрэглэн байж үзүүллээ гээд үр дүн гарах уу? гэдэг гажиг асуулт жигтэй хариултаа нэхэж байна. Хүч хэрэглэнэ хэрэглэнэ гэхэд хүчээр биеэ үзүүлнэ, хүчээр онош тавиулна, хүчээр эм бичүүлнэ  гэдгийг ойлгоё гэвч ухаан хүрэхгүй юм байна.