Цаг үеийн мэдээ

“Хөгжлийн банкны тонуул” баримтат цувралын сүүлчийн 3-р бүлгийг Төрийн ордонд үзүүллээ. Хөгжлийн банкнаас ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн 151 төсөлд олгосон 50 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн зөрүү, хөнгөлөлтийг авсан хүмүүс нь биш аваагүй иргэн бид төлсөн нь тодорхой боллоо. Өрийг нь өөрсдөөр нь төлүүлье гэж анх шүгэл үлээгдсэн боловч өрнөөс нь өмнөөс нь Та бид төлөлцчихсөн юм байна. Учир нь гадаадаас доллар, еврогоор татсан эх үүсвэрийн ханш, хүүгийн зөрүүнд 2014-2016 онд 30,5 тэрбум төгрөгийг зээл төлөгч тэд биш татвар төлөгчид  бид буюу төсвөөс төлжээ.

Социалист хөдөлмөрийн капиталист баатар Ц.Баатарсайхан ноолуурын үйлдвэрлэлд зориулж 31,2 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлийнхээ талаас илүү 17,6 тэрбумаар Таванбогдфүүдс, Таванбогдтрэйд компанийнхаа зээлийг төлчихжээ. 8 тэрбумыг нь зүгээр л хадгаламжид хадгалж байсан байна. Май хадгал гэж 8 тэрбумыг өгдөг бол заавал Ц.Баатарсайхан болж төрөхгүйгээр хэн ч баяжиж болно. Хувийн банкны эзэн улсын банкнаас нийтдээ элдэв янзын хөтөлбөрөөр 226 тэрбумын зээл авчээ.   Ц.Баатарсайхан  банк, халуун тогоо, өвчүү ууц, өвлийн идшээр үйлчлэхийн хамт, Тоёота машинаас, Тото жорлон, Тоёо дугуй ч үлдээхгүй зардаг баатар хүн юм. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа  Ховдод арьс ширний үйлдвэр барихаар 6 тэрбум төгрөгийн зээл аваад оронд нь сэндвич гэдэг саравч босгосон байна. Ш.Адьшаа  өөрийнхөө барьсан сэндвичийн зургийг огт ойлгохгүй байна. Ер нь Ш.Адьшаа яагаад зээл авсныг, юу гээч юм барьсныг Ш.Адьшаа нь нэг их ойлгодоггүй ажээ. Зээл авах дуртай Ш.Адьшаа төрийн албан хаагчид зээл авахад дургүй. Ш.Адьшаа биш төрийн албан хаагч орлогынхоо 80 хувиас давсан зээл авахыг хориглох хууль санаачилсан юм. 

Хөгжлийн банкны зээлдэгчид өрөө төлсөн  байлаа ч тэр мөнгөөр нь экспорт нэмэх алдагдсан боломж эргэж нөхөгдөхгүй. Хөгжлийн банкны 1,6 их наядын чанаргүй өр зээлийн талаарх 3 бүлэг сонсгол ийнхүү болж дууслаа. Сонсголд оролцогчид, гэрчүүд, өр тавигчдын 2000-3000 мянган хүнтэй хамт олноороо төгсөлтийн монтаж маягийн зураг авхуулбал түүхэн сургамж болон үлдэнэ.