Цаг үеийн мэдээ

Наадам биш найр гэгчээр Монголын их баяр баясгалан Монголын их уй гуниг, Монголын их амар амгалан Монголын их айдас хүйдэс болсоор байна. Баяр ихтэй 3-р сар гуниг ихтэй өдрүүд, жаргал даахгүйн зовлон болдог тул цагдаагийн байгууллага сануулж сэрэмжлүүлэх аян явуулж байна. Эмэгтэй, эрэгтэй хүн баярлуулах өдрүүд ихтэй 3-р сард эрэгтэй, эмэгтэй хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шөнө цувардаг. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  2018-2022 оны 4 жилд 38.846  бүртгэгджээ. Монголыг Монголоор нь гэдэг шиг бүх гэмт хэргийн 27.1 хувь буюу гуравны нэг нь монгол нь монголоо зодсон нүдсэн, балбасан хэмхэлсэн, хутгалсан тоосгодсон, гэмтээсэн хохироосон гэмт хэрэг. 2018 оноос жил дараалан буурч байсан ийм гэмт хэрэг 2021-2022 онд 23,9 хувиар огцом өссөн байна. Өссөн тоо, нэмэгдсэн хувь  бүрийн цаана эргэж олдохгүй эрүүл мэнд, хүний хувь заяа, эгнэгт уулзахгүй ээж аав, элгэн садан, анд нөхөд бий. Агсам согтуу тавьж, анд нөхрөө, амраг ханиа, аав ээжээ, алаг үрсээ, зөрөөд өнгөрсөн танихгүй нэгнийг зодож бэртээн, гэмээ үүрч, зэмээ хүлээгсдийн талаас илүү хувь нь 18-39 насны ид хийж бүтээх идэр залуу насны эрчүүд. Хүний эрүүл мэндийг хохироосон 6999 хэрэгтний 3710 нь буюу 53 хувь нь идэр дунд насны эрчүүд байна. Өдөр эхэлсэн баяр даварч давирсаар, ахиж нэмсээр шөнөдөө гунигаар төгсдөг.  Жаргалаар эхэлж зовлонгоор дуусдаг гэмт хэргийн 37% нь шөнийн 22 цагаас өглөөний 06 цагийн хооронд гардаг. Гудамж талбайд 26,5%, монгол гэрт 22,6 хувь, орон сууцанд 11,9% нь, баар, ресторанд 1.8 хувь нь тус тус үйлдэгдсэн байна. Үл ялих өчүүхэн зүйлээс болж, хэрүүл зодоондоо хүрч, гэртээ харих зам нь эмнэлэг, цагдаа, эрүүлжүүлэх шорон тийш зүглэх мөр болж хувирдаг.  

Монгол цэргийн өдөр бол Монгол  эх орны төлөө сайн өдөр. Монгол нь Монголоо хохироох муу өдөр биш. Эх орондоо тангараг өргөж, тоот цэргийн жагсаалд алхаж малгай дээрээ соёмбоо асааж залж, мөрөн дээр мөрдсөөрөө гоёсон эрэгтэй, эмэгтэй цэрэг хүний баярын өдөр. Нэг баярыг үдэж нөгөө баярыг угтахын тулд баяраа гуниг, жаргалаа зовлон бүү болгоорой!