Дуулах дуундаа хүртэл “Эр хүн байж уйлах нь үү дээ” гээд эхэлдэг бидний дунд “Эрчүүдийн эрх”-ийн тухай ойлголт хэр байна вэ. “Эрүүлжүүлэхээс өөр эрэгтэйчүүдийг хамгаалах газар алга” гэх хөнгөн хошигнол амьдрал дээр бодитой оршиж байгаад анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ. Энэ сэдвээр хэдэн баримт сөхье.
1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь гэр бүлийн дотор ба соёл, нийгэм, эдийн засгийн болон улс төрийн хувьд ижил тэгш эрхтэй байна” гэж заасан байдаг ч эмэгтэйчүүдийн эрх дийлэнхдээ яригддаг.
2. “Эр хүн уйлдаггүй. Халаасан хоолоо аавдаа өг, Монгол эр хүн жудагтай байх ёстой. Эрэгтэй хүүхдийг хатуухан гараар хүмүүжүүл... гэх энэ мэт Монголын нийгэмд байдаг хандлага, өдөр тутамд хэлэгддэг эдгээр үгс хоосон үг биш гэдгийг эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд, дундаж наслалтын үзүүлэлт харуулна.
3. ЦЕГ-аас гаргасан судалгааны дүнгээр гэмт хэрэгт холбогдогсдын 86 хувь нь эрэгтэйчүүд байна. Мөн шүүхээр ял шийтгүүлэгчдийн 89 хувь нь эрчүүд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 91 хувь нь мөн л эрэгтэйчүүд... Эндээс үзвэл, нийгмийн хамаг л болж бүтэхгүй, эмзэг сэдэв яах аргагүй эрэгтэйчүүдтэй холбогдож байгааг харж болно.
4. Судалгаагаар Монгол эрчүүдийн дундаж наслалт 69.9 гэж гарчээ. Энэ нь Монгол эмэгтэйчүүдээс есөн нас, хөгжиж буй орнуудын дунджаас зургаан нас, дэлхийн дунджаас таван насаар доогуур насалж байгаа үзүүлэлт юм.
5. Нас баралтын шалтгаан нөхцөлийг аваад үзвэл, гаднын шалтгаантайгаар нас барагсдын 80 хувь нь эрчүүд байна. Түүнчлэн шээс, бэлгийн тогтолцооны эмгэг өвчнөөр нас барагсдын 70 хувь нь мөн л эрэгтэйчүүд. Хамгийн эмзэглүүштэй нь хавдраар нас барагсдын 57 хувь, зүрх судасны өвчлөлийн улмаас өөд бологсдын 60 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
6. Албаны эх сурвалжаас гаргасан мэдээллээр амиа хорлогсдын 90 хувь нь эрэгтэйчүүд байгааг тогтоожээ. Хүн яагаад амиа хорлох шийдвэрт хүрдэг талаар мэргэжилтнүүд ярихдаа “Сэтгэлийн хүнд дарамт хамгийн ихээр нөлөөлдөг. Сэтгэлийн тэр их шаналал, дарамт шахалтаа гадагшлуулж чадахгүй, дотроо бугшуулсаар эцэст нь амиа егүүтгэх хэмжээнд хүрдэг” гэсэн байдаг.
7. Эрэгтэйчүүдэд зориулсан эмнэлэг манай улсад маш цөөн. Эрэгтэйчүүдийн тасаг улсын хэмжээнд ердөө 14 байна. Нийслэлд 6, орон нутагт 8 бий. Улсын хэмжээнд 14 андрологийн эмч, 60 урологийн эмч байна. Монголд 1 сая 600 мянга гаруй эрчүүд бий гээд тооцвол нэг эмчид 21 мянга 600 гаруй хүн оногдоно.
8. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2020 оны байдлаар бакалаврт суралцагчдын 41.5%, магистрантурт суралцагчдын зөвхөн 35.3% -ийг эрчүүд эзэлж байгаа юм. Үүнд “Эмэгтэй хүүхдээ л боловсролтой болгох нь чухал” гэсэн нийгмийн хэвшмэл ойлголт нөлөөлж буй бөгөөд хөвгүүд ЕБС-аа төгсөөд хөдөө гэртээ мал маллах, уурхайд ажиллах зэргээр шууд хөдөлмөр эрхэлдэгтэй мөн холбоотой. Дээд боловсрол дахь хүйсийн тэнцвэргүй байдал нь нийгэм, эдийн засаг болон гэр бүлийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх шалтгаан болдог. Тиймээс боловсрол дахь хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд охид, хөвгүүдийг нийгмийн хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхлаас ангид байлгаж, тэгш боломж олгох нь зүйтэй» гэж Боловсролд хүйс хамаагүй төслийн багийн гишүүн Ц.Энхцэцэг онцолсон байдаг.
9. Үе, үеийн эрэгтэйчүүдийн эрхийн төлөөх нийгмийн хэлэлцүүлэг, хөдөлгөөнүүд дараах тохиолдолд “эрчүүдэд эрх байх ёстой” хэмээдэг. Нэгдүгээрт: Салалтын дараа хүүхдээ аав, ээжийн хэн нь асран хамгаалах талаарх шүүхийн шийдвэрүүд ээжид давуу эрх олгодог. Салалтын дараа эмэгтэйчүүд зөвхөн өөрийн өнцгөөс эсвэл салсан нөхрөөсөө өшөө авах зорилгоор хүүхдийг эцэгтэй нь уулзуулдаггүй, хүүхдэд эцгийн талаар дан сөрөг мэдээлэл өгдөг, салалтын гол буруутан мэт ойлгуулдаг, үр дүнд нь хүүхдийн “аавтай байх” эрх зөрчигддөг.
10. Гэмт хэрэгтэн гэж харах: Гэмт хэрэг гарлаа гэхэд эрчүүдийг илүү сэжиглэдэг, мөрдөн шалгах ажиллагаа эрчүүд рүү ихэвчлэн чиглэдэг. Орой үдэш явж байхад нь ч “яг хүчиндэх гэж буй хүн” мэтээр эмэгтэйчүүд сэжиглэн хардаг аж.
11. Гэр бүлийн хүчирхийлэл: Хүчирхийлэлд зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд өртдөггүй төдийгүй зөвхөн эрчүүд үйлддэггүй. Гэтэл гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах үйлчилгээ эмэгтэйчүүд рүү голлон чиглэдэг. Мөн өөрсдийгөө энэ төрлийн хүчирхийллийн хохирогч гэдгээ илчилсэн эрчүүдийг нийгмээрээ шоолох хандлага гаргадаг байна.
12. Хүнд ял оногдуулах: Олонх судалгаагаар яг адилхан гэмт хэрэг үйлдсэн байлаа ч эрчүүдэд эмэгтэйчүүдээс илүү хүнд ял оноодог гэнэ. Энэ нь эрчүүдийг дахин гэмт хэрэг үйлдэх магадлалтай, илүү хүмүүжүүлэх шаардлагатай, засаршгүй гэж дүгнэдэгтэй холбоотой гэх.
Эцэст нь ихэнх Монгол эрчүүд 60 гаруйхан насандаа таалал төгсөж, 30 хүртэлх насандаа амиа егүүтгэж, хорт хавдар, зүрх судасны өвчнөөр дийлэнх нь өвчилж байна. Инээдэмтэй мэт санагдавч ийм л энгийн зүйлээр эрчүүдээ бид дөнгөсөөр байна...