Дэлхийн улс үндэстэн, ард иргэдийн аз жаргалын хэмжээг судалж, мэдээлдэг World Happiness Report судалгааны байгууллага 10 дахь жилдээ тайлан мэдээллээ танилцууллаа. Энэ удаагийн судалгаагаар иргэдийг удаан хугацаанд хөл хорионд оруулж, эдийн засгийн эргэлтийг удаашруулсан ковид-19 цар тахал иргэдийн аз жаргалын индексийн хэмжээнд нөлөөлөөгүй болохыг тогтоожээ.
Судлаачид 137 орны 100,000 гаруй иргэдтэй ярилцлага хийсний дүнд дэлхийн бүх хэсэгт хүмүүсийн өгөөмөр нинжин сэтгэл цар тахлын өмнөх үеэс нэмэгдсэн болохыг ажигласан байна. Дэлхийн нийтэд аз жаргалын индекс нэмэгдсэн ерөнхий хандлага байгаа ч өрнөдийн орнуудад бага зэрэг буурчээ.
Цар тахал иргэдийг аз жаргалгүй болгоогүй нь гайхалтай мэдээ гэж Бритиш Колумбиагийн их сургуулийн эдийн засгийн профессор Жон Хэллиуэлл ярьсан байна. Хөл хорионд орсон иргэдэд туслах сайн дурын ажил, хандив өргөх зэрэг өдөр тутмын эерэг хандлага иргэдийг илүү аз жаргалтай болоход тусалжээ.
Дэлхийн 137 орны дундаас хамгийн аз жаргалтай улсаар Финлянд зургаа дахь жилдээ дараалан шалгарсан бол талибчууд засгийн эрхийг эргүүлэн булаасан Афганистан хамгийн аз жаргалгүй улсаар нэрлэгдсэн байна. Финляндын араас Дани зуузай холбож, Исланд, Израйл, Нидерланд, Швед, Норвеги, Швейцарь, Люксембург, Шинэ Зеланд улсууд эхний арван байрт бичигджээ.
Дайн гараад жил гаруйн хугацаа өнгөрч буй Украинд гаднын тусламж, хандиваас улбаатайгаар өгөөмөр нинжин сэтгэлийн индекс нэмэгдсэн байна. Гэвч аз жаргалын хэмжээгээр 92 дүгээр байрт оржээ. Харин Украин руу дайрсан Орост иргэдийн дунд аз жаргалын мэдрэмж өөрчлөгдөөгүй бөгөөд 70 дугаарт бичигдсэн байна. Монгол улс Оросын өмнөхөн буюу иргэдийн аз жаргалын индексээр 69 дүгээрт байрт оржээ.
Эх сурвалж: The Guardian