Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудад “Дизель хөдөлгүүр” төсөл хэрэгжиж эхэллээ. Энэ нь олон жил ашиглагдсан бензин хөдөлгүүрт цэргийн зэвсэглэл, техникийг дизель хөдөлгүүр болгон шинэчлэх ажил бөгөөд үүний эхлэл болгож Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн “ЗИЛ-131” загварын автомашинд туршилт судалгааны ажлыг эхлүүлсэн юм. 

Туршилтыг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Материал техникийн хэлтсийн Авто техникийн засвар, ашиглалтын офицер, хошууч Л.Уянбаатар, бэлтгэл хошууч С.Даарийбаатар тэргүүтэй бүрэлдэхүүн амжилттай гүйцэтгэснээ “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 102 жилийн ойн баярын өдөр танилцуулав.

Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал “Энэхүү төсөл нь цэргийн зэвсэглэл, техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх, маневр болон хүчин чадал, нөөц явалтыг нэмэгдүүлэх, засвар үйлчилгээ хийхэд сэлбэг хэрэгслийн олдоц нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой. Улс орны эдийн засаг хүндрэлтэй, төсөв байхгүй гээд гараа хумхиад суух биш өөрсдийн нөөц бололцоо, туршлага чадварт суурилж, зарим зэвсэглэл, техникээ энэ зарчмаар шинэчлэх нь бидний зорилт” гээд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаярт шинэчлэгдсэн “ЗИЛ-131” автомашиныг хүлээлгэн өгсөн юм.

“Дизель хөдөлгүүр” төсөл Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудад хэрэгжихээр төлөвлөгдсөн ба эхний туршилт ийнхүү амжилттай болсон юм.