Цаг үеийн мэдээ

Доктор Н.Ууганбаатар нь эдийн засагч мэргэжилтэй.  Австри Улсын Веннийн их сургуульд  магистр, Шведийн Стокгольмийн Эдийн Засгийн Сургуульд докторын зэрэг хамгаалсан. МУИС-ийн Эдийн засаг,  математикийн тэнхимийн багш, дэд профессор.  АНУ-ын Уэлсли Коллежийн "Математик ба Ардчилал" хүрээлэнгийн гишүүн юм. 

"Тоглоомын онол” улс төрд хэрэгтэй гэдгийг хэн ярив гэдэг уншигчдад сонин байх болов уу. Ууганбаатар гэдэг хүн хаана ямар боловсрол мэдлэг олж авав?

Би 2008-2012 он хүртэл энэ чиглэлээр нэлээд хэдэн судалгаа хийж докторын цолоо хамгаалсан, Одоогоос арав гаруй жилийн өмнө Монголд Оюутолгойн гэрээг үзэглэж тухайн үеийн эрх баригчид гадаадад сурч хөдөлмөрлөж байгаа залуусаа татахын тулд “Зөгийн үүр” хөтөлбөр эхлүүлснийг санаж байгаа байх. Энэ том давлагаа болж чадсан. Стокхольмын Эдийн Засгийн их сургуульд байсан надад хүртэл цахим шуудан ирснээр би энэхүү давлагаанд нэгдэж эх орондоо ирж байлаа. Тухайн үед судалгааныхаа ажлыг л хийх ёстой гэсэн багш нарынхаа хатуу байр суурийг эсэргүүцээд ирсэн. Ирээд МУИС-д тасралтгүй 10 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд багшлахаас гадна судалгаагаа үргэлжлүүлэн “Хувь хүмүүсийн сонголтыг нэгтгэж нийгмийн сонголт болгох сайн механизм олдох уу?” гэдэг асуултын хүрээнд  эрдэм шинжилгээний 10 орчим өгүүлэл гадаадын сэтгүүлүүдэд бичиж нийтлүүлжээ. Би 2021 онд АНУ-ын Уэлсли Коллежийн “Математик ба ардчилал” хүрээлэнгийн гишүүн болсон. Тэгэхээр “Ардчиллыг хэрхэн загварчлах вэ” гэдэг чиглэлээр мэргэшсэн хүмүүсийн нэг гэж өөрийгөө нэрлэж болох болов уу гэж найдаж байна.

Та АНУ-ын “Математик ба ардчилал” хүрээлэнгийн гишүүн. Нөгөө математик ардчилал хоёр маань яагаад хутгалдчихав?

Орчин үеийн нийгмийн тулгуур хоёр багана. Нэг нь зах зээлийн эдийн засаг нөгөөх нь ардчилсан систем. Нийгмийг ойлгоё гэвэл энэ хоёрыг ойлгохоос өөр сонголт байхгүй. Хүн төрөлхтний олж авсан мэдээллийг эмхэлж цэгцлэх арга бол математик. 

Дэлхий нийтийн сүүлийн үеийн чиг хандлага нийгмийн шинжлэх ухааныг математиктай холбож ойлгох болж. Гэтэл Монголд математикийг байгалийн шинжлэх ухаантай л холбож ойлгохоос хэтрэхгүй байх шиг?

Тэр чиг хандлага хүссэн хүсээгүй манай улсад орж ирнэ. Орчин үед хоёр хандлага давамгайлж байна. Нэг нь бүх зүйлийг датанд суурилж шийдвэр гаргаж байна. Дата ихтэй, датаны учрыг олдог алгоритм нь байгаа тохиолдолд би датагаа орууллаа алгоритм надад хариулт өглөө. Шинжлэх ухааны нэг чиглэл ийшээ явж байна. Нөгөө чиглэл нь 20 дугаар зууны хоёрдугаар хагас буюу дэлхийн хоёрдугаар дайны үеэс үндэс сууриа тавьсан математикийг бүх салбарт суурьшуулах хандлага. Жишээ нь, АНУ-д хэрэгжүүлсэн “Манхаттен” төсөл. Уг төсөлд хамгийн шилдэг математикчдаа цуглуулаад код бичих, тайлуулах, зэвсэг техникийн технологи боловсруулах гэх мэтчилэнгээр бүх чадлыг нь дайчлан шавхсан байдаг.  Тэр үеэс энэ хандлага хүчээ авч эхэлсэн. Гэхдээ математикийн шинжлэх ухааныг улстөрд ашиглах асуудал 18 дугаар зуунаас эхлэлтэй, Францын соён гэгээрлээс үүсэлтэй. Францын ард түмний нэг онцлог бүх зүйлийг математик руу шилжүүлж болох юм байна гэдэг итгэл үнэмшилтэй. Жишээ нь, Декартыг бид философич гэдгээр нь мэднэ. Гэтэл Декартын координат гэж байдаг. Паскалыг физикч гэх боловч бас математикч гэх нь ч бий. Мань хүн уг нь бол хуульч хүн шүү дээ. “Хүн бол бүх учир шалтгааныг ойлгож болно, ойлгох хэл нь математик юм” гэдэг традец уламжлал явж байгаа гэж ойлгож болно. Нөгөө талдаа хүйтэн дайны үеэс математикийн шинжлэх ухаан хоёр өөр чиглэлээр хөгжиж ирсэн байдаг. Түүний нэг нь ЗХУ-ын урсгал. Энэ урсгал мэдээж манай улсад орж ирсэн. Зөвлөлтүүд математик, физик хоёрыг нэг дор судалж байсан. Москвагийн их сургууль механик-математикийн факультетээр энэ традецыг маш хүчтэй хөгжүүлсэн болохоор одоо хэр нь механикийн асуудлууд дээр Зөвлөлтийн школыг давах аргачлал баруунд байхгүй. Нөгөө талд барууныхан математик-нийгэм, математик-эдийн засаг гэсэн чиглэлээр судалгаа хийж эхэлсэн байдаг. Судалгааг Принстоны их сургуульд хийсэн. Тухайн үед дэлхий дээр хоёр том судалгааны төв байсан нь ойлгогдож байгаа биз. Үр дүнд нь Принстоны их сургуулийн математикч нарын дундаас эдийн засгийн чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн хүн миний мэдэхээр тав байна. Принстоны их сургуулийнхан тухайн цаг үеийнхээ сод хүмүүсийг нэг дор цуглуулаад хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа асуудлуудыг жагсааж өгөөд үүнийг шийд гэсэн байгаа юм. Энэ нь хүйтэн дайны нэг сайн тал. Төмөр хөшигний хоёр талд байгаа үзэл суртал бие биенээ ялахын тулд бүх хүч чадлаа шавхах нь ойлгомжтой. Мэдээллийн технологи ч хүйтэн дайны бүтээл. Цөөнх хэсэг судлаач нийгэм гэдэг ухагдахууныг математикийн тэгшитгэл гэдэг амьгүй зүйл руу хөрвүүлчихлээ, ингэх нь “Хориотой цохилт” хэмээн шүүмжлэлтэй ханддаг. 

Таны тухай сонирхолтой яриа байдаг. Монголд “Тоглоомын онол”-ын талаар судалж байгаа, бичиж ярьж байгаа цөөхөн эрдэмтдийн нэг доктор Ууганбаатар гэж? 

Цөөхөн байгаа нь үнэн. Түүнээс биш “Ганцхан байна” гэж тодорхойлж болохгүй байх. “Тоглоомын онол” Принстоны их сургуульд үүссэн салбар. Энэ онол хүмүүсийн хоорондын харилцааг математикаар томьёолоход чиглэдэг. Ингэхээр харилцаа цаашид ямар шатанд хүрэх вэ гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой болж байгаа нь сайн тал. Нөгөө тал нь би энэ нөхөртэй иймэрхүү харилцаанд орох гээд байх шиг байна, ямархуу байдлаар хандах ёстой вэ гэсэн эргэлзээтэй асуудалд бидний өдөр тутмын хэрэглээнд байдаг “Стратеги” гэдэг ойлголтыг хамгийн сайн форматалж өгсөн учраас ач холбогдол өндөртэй, сонирхолтой салбар болсон. 1970-аад оны үед “Тоглоомын онол”-ын номыг орчуулж гаргасан байдаг. Ленинградын их сургуулийн Елена C. Вентцель гэж эмэгтэйн бичсэн “Тоглоомын Онолын Анxны Мэдэгдэхүүн” номыг математикийн том гэж нэрлэгддэг Л.Шагдар гэж эрдэмтэн монгол хэлнээ хөрвүүлсэн. Үг хэллэг нь цэгцтэй, маш сайн орчуулсан байдаг. Тэгэхээр түүх бол бий гэдгийг хэлэхийн тулд үүнийг ярьсныг ойлгосон байх. Огт байгаагүй зүйл дээр орж ирээгүй байх нь. “Тоглоомын онол”-ыг Принстоны их сургуульд хөгжүүлсэн хоёр хүн байдаг. Нэг нь Жон фон Нейман гэж еврей гаралтай Австри-Унгарын америк математикч. Нөгөөх нь Оскар Моргенштерн гэж Австрийн эдийн засагч. Энэ хоёр хүн “Тоглоомын онол”-ыг үндэслэгчид. Хэдийгээр урт наслаагүй ч Жон фон Нейман цөмийн бөмбөгтэй холбоотой бүх аргачлалыг хийснээс гадна “Компьютерийн эцэг” гэж хэлж болохоор хүн. Оскар Моргенштерн харьцангуй урт насалсан. Би түүний байгуулсан институцэд суралцаж байлаа. Нэг үгээр хэлбэл, би тэр традец руу орчихсон учраас хүссэн хүсээгүй тоглоомын онол руу чирэгдээд орсон. Миний магистрын ажлыг удирдсан хүн “Тоглоомын онол”-ын нэлээд сайн эрдэмтэн байлаа. Стокхольмд болохоор тухайн онолын арай өөр школ байдаг. Нийгэм, сэтгэлгээнийхээ онцлогт тулгуурласан их холыг хардаг, нийгэм яавал тогтвортой байх вэ гэдэг өнцгөөс нь харж анализ хийдэг сургалттай. Би харьцангуй сайн багш нараар хичээл заалгасан азтай хүн. Харамсалтай нь, багш нарынхаа хэмжээнд хүртэл “Тоглоомын онол”-оор нэрээ гаргаж, судалгаа хийж чадаагүй л байна. Хийсэн судалгаанууд маань хүмүүсийн саналыг нэгтгэх механизмын чиглэлээр явж байгаа. Ойрын тав, арван жилдээ “Тоглоомын онол”-ын судалгаа хийх төлөвлөгөөтэй байгаа юм. 

БИД ЭНЭ БАЙДЛААРАА ЯВАХ ЮМ БОЛ ХОЁР АЛХААД Л ХАНА МӨРГӨНӨ

Арваад жилийн өмнө та “Цахим өртөө”-д ярилцлага өгөхдөө “Монголын улс төр математик ашиглахгүй алдаа хийгээд байна. Математикийг улс төрд оруулж ирэх шаардлагатай байна гэж ярьсан?

Тийн санаж байна. 

Монголын хөгжилд математик яаж нэмэр болох бол? Жишээлбэл, сүүлийн үед Үндсэн хуулийг өөрчлөх ёстой, гишүүдийн тоог нэмнэ, хасна гэсэн яриа гарч байна. Та тоглоомын онолын талаар судалдаг хүний хувьд үүн дээр ямар тайлбар өгөх вэ? 

Маш тодорхой асуулт байна. Нэгдүгээрт, Бид энэ байдлаараа  цааш явах юм бол хоёр алхаад л хана мөргөнө.  Өнөөгийн бидний тогтолцоо, сонгуулийн системийг хар л даа. Сонгуулийн хууль батлах болохоор хоёр системийн сайн муугаа яриад л суугаад байна. Тэгээд цаг нь болохоор аль олон санал авсан сонгуулийн системийг сонгож авдаг. Гэтэл эндээс гарах үр дагавар нь ямар байх вэ гэдгийг өргөн хүрээнд, шинжлэх ухаанч байдлаар судалдаггүй, гарах үр дүнг тооцдоггүй гэсэн үг. Уг нь бол дэлхийд өндөр хөгжиж байгаа орнууд шиг эрдэмтдээ цуглуулаад гарах үр дагаварыг давхар тооцоод судалгаатайгаар асуудлыг шийдэх ёстой. Тоглоомын онолчид нь онолоо гаргаад, математик загварчлалуудыг хийж үзэх ёстой. 

Одоо бид ямар нэг анализгүйгээр олонхоор шийдээд л явж байна. Хамгийн товчоор бид эцсийн үр дүнг нь тооцоолохгүй яваад байна уу? 

Наадах чинь нэг асуудал нь. Хоёдугаарт, та бид хоёр эсрэг саналтай байлаа гэж бодъё. Нэг талдаа шийдэхийн тулд гуравдагч этгээдийг дуудаад саналыг нь авч болно, эсвэл бүх хүнийг дуудаад асуудлаа хэлж санал хурааж болох юм. Дахиад бүгд санал тэнцчихвэл яах вэ. Тэгвэл асуудлын арай гүн рүү шагайх хэрэгтэй болно. Санал болгон эрх ашгийн болон үзэл санааны хувьд зөрчилдсөн байгаа тохиолдолд бид шийдлийг хаанаас олох вэ. Шинжлэх ухаан буюу тооноос шийдлээ олох ёстой. “Тоглоомын онол”-ыг оруулж ирсэн шалтгаан нь энэ. Нийгэм маргаан дагуулах юм байна, маргаад дуусдаггүй яриа олон болох юм байна. Энэ яриануудыг дуусгахын тулд яах вэ, ер нь аль нь зөв юм, яасан нь дээр вэ гэдэг асуултад тооны өнцгөөс хандъя гэсэн л хандлага. Жишээ нь, хүйтэн дайны үед сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй асуудал олон байлаа. Цөмийн бөмбөг, Кубын асуудал. Асуудлыг Кеннеди ганцаараа шийдэж чадахгүй байхгүй юу. Зөвлөл, парламент нь хуралдаад шийдэж чадахгүй. Угаасаа шийдэж болохооргүй эрсдэлтэй асуудлыг яах вэ гэхээр тоо руу шилжье гээд Засгийн газрын дэргэд байсан “Rand” судалгаа хөгжүүлэлтийн корпорацад хандсан байдаг. Энэ бол тинк танк байгууллага л даа. Тухайлбал, энэ тинк танк дээр нийгэм, стратеги, шийдвэр гаргалттай холбоотой чухал санаанууд шийдэгдсэн байдаг. Дандаа эрдэмтэд цэвэр оюун ухааны хүчээр, хоорондоо ярилцаж байгаад ямар нэг эрх ашиггүйгээр асуудлын үнэн зөв нь юу юм бэ гэдгийг олох боломжийг гаргаж өгсөн. Ямар нэг эрх ашгийн үүднээс хандаад эхэлбэл үнэн, зөв, эрх ашиг гурав хоорондоо зөрчилдөөд эхэлнэ. Зөрчилдөөд эхлэхээр яриа хэлцэл, маргаан үндсэн сэдвээсээ хазайгаад шал өөр тийшээ яваад өгнө. Манай нийгэмд энэ өнөөдөр ажиглагддаг л асуудал. Гэтэл тэд яаж байна гэхээр аль нь зөв, үнэн гэдгээр хязгаар тавьж асуудалд хандаж байна. Тэнд эрх ашиг байхгүй, байх боломжгүй. Яагаад гэхээр үнэн логиктой байх ёстой. Логиктой эрх ашиг харшилна. Хоёдугаарт, бодит амьдралтай нийцтэй байх ёстой. Ийм болохоор дуусдаггүй яриануудаа шинжлэх ухаанд суурилж цэгцэлж явахаас өөр сонголт бидэнд байхгүй. Энэ асуудал өнөөдөр шийдэхгүй байлаа гэхэд маргааш ахиад л хаалга үүд онголзуулаад л ороод ирнэ. Гаргаад шийдлээ гэхэд ахиад ороод ирнэ гэх мэтээр ийм эргэлтэнд ороод л яваад байна. 

Саяхан Турк улсад болсон байгалийн гамшгийг бид мэднэ. Би Туркэд тодорхой хугацаагаар амьдран сууж байсан хүний хувьд сэтгэл өвдөөд нөхцөл байдлыг ажиглалаа. Гэтэл Туркийн сэхээтнүүд “Бид 20 жил тутамд Турк улсыг шинээр байгуулах хэмжээний нөхцөл байдалд орчихоод байна”гэж харамсан ярьж байна. Тэд 20 жил тутмын давтамжтай улс төр, байгалийн огцом өөрчлөлтүүдээ дүгнэж ярилцаад “Бид геополитик хийгээд газар зүйн ийм тогтворгүй бүсэд амьдардаг ард түмэн учраас цаашид нийгэм, улс төр, эдийн засаг, байгалийн үзэгдлийг нэг дор авч үзсэн цоо шинэ цогц хандлагаар авч үзэхгүй бол 20 жилийн динамикаас гарч чадахгүй нь” гэж байна. Манай түүх ч үүнтэй төстэй. Ийм асуудалд орохгүйн тулд бид яах ёстой вэ. Ахиад л асуудалд шинжлэх ухаанчаар хандах тухай яриа гарна. Тэгэхээр бид хэнд ашигтай вэ гэдэг асуултыг булшилж орхиод, яасан нь дээр вэ, юу үнэн бэ гэдэг хоёр асуултад шинжлэх ухаанчаар хариулт олох хэрэгтэй. 

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ СКАНДИНОВЫН ОРНУУДТАЙ АДИЛХАН КУБ ЯЗГУУРААР ТООЦОЖ ГАРГАХ НЬ ИЛҮҮ ОНОВЧТОЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА

Улстөрийн намууд тогтолцоог өөрчлөх ёстой гэж ярьдаг болсон. Тогтолцоог бид яаж өөрчлөх ёстой юм бэ. Намын дарга нартай ярилцаж байгаа бол арай өөр хариулт хүлээх байх. Та “Тоглоомын онол”-ыг судалдаг хүн дээрээс нь улс төрийг математиктай хослуулж судалдаг хүний хариулт ямар байх бол? 

Өнөөдөр тогтолцооны өөрчлөлт ярихад цаг хугацааны хувьд  давчуу болчихов уу даа гэж би харж байна. Сонгуулийн цикль ойртчихлоо.  Хуулиндаа нэг жилээс өмнө Сонгуулийн тухай хуульд хүрч болохгүй гэж бий. Гэтэл давагдашгүй  хүчин зүйлийн нөлөө орчихсон байдаг. Нэг талархууштай зүйл нь манай улсын Ерөнхий сайдын тавьж байгаа байр суурь тодорхой баримттай, мэдээлэлтэйгээр бодит байдалдаа дүгнэлт хийгээд байна. Түрүүний ярьсан зарчмууд дотор байгаа бодит байдлыг байгаагаар нь хүлээж авах нь чухал. Хугацааны хувьд давчуу байгаа ч “Яарвал даарна” гэдэг шиг эрсдэлтэй алхам хийх вий гэж эмээж байна. Нөгөө талдаа яриад байгаа асуудлуудынхаа судалгааг хэр зэрэг далайцтай хийсэн бол гэдгийг би хэлж мэдэхгүй юм. Ерөнхий сайдын “Бид ийм замаар яваад иржээ, ийм асуудлуудтай тулгарсан байна, эндээс гарах гарц нь энэ байна” гэдэг асуудлуудаа тавьж байгаа нь сайн хэрэг. 

За бид тогтолцоогоо өөрчлөх юм байна гэж бодъё. Өөрчлөхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөх болно. Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотэй нэг маргаан гардаг нь гишүүдийн тоо. Дэлхийн улс орнууд үндсэн хуулиа өөрчлөхөд, гишүүдийнхээ тоог нэмж хасахдаа математик аргачлал хэр ашигладаг юм бэ?

Улс төрийн шинжлэх ухаанд математик аргачлалыг өргөн ашиглаж байгаа, үр дүнгээ ч харж байгаа. Зарим хүмүүс шинжлэх ухаанч байдлаар асуудалд хандах ёстой гэж үздэг бол нөгөө хэсэг нь  “Би ардчилсан нийгэмд амьдарч байгаа, яагаад таны тэгшитгэлээр сонголт хийх ёстой юм. Нийгэм өөрөө эрх чөлөөтэй байх ёстой” гэж хэлдэг. Тэгвэл шинжлэх ухаан “За тэгвэл хамаа алга, бүгд эрх чөлөөтэй байя. Наанаас чинь ямар үр дүн гарах вэ гэдэг дээр чинь би найдвартай дүгнэлт хийж өгч чадна. Тэгээд эрх чөлөөгөө та эдэл” гэнэ. Ийм гайхамшигтай байдаг учраас л бид шинжлэх ухаан руу заавал орох ёстой гэж хэлээд байгаа юм. 

Өнөөдөр хамгийн их маргаан дагуулж байгаа асуудал бол УИХ-ын гишүүдийн тоо. УИХ-ын гишүүдийн тоог тогтоохдоо бид ямар тоо бодох ёстой вэ? Дэлхийн улс орнууд энэ асуудалд яаж ханддаг юм бол? Судалгаа хийсэн эрдэмтэд хэр олон байдаг вэ?

Парламентын гишүүдийн тоотой холбоотой судалгаа олон бий. Тухайлбал, 1972 онд Рейн Таагепера гэж Эстони гаралтай улстөр судлаач 1960-аад оны үеийн дэлхийн нэлээд орны датаг авч үзээд, парламентын хэмжээ буюу гишүүдийн тоо ямар зүй тогтолтой байгааг судалсан. Парламентын гишүүдийн тоог хүн амын тоотой харьцуулж үзээд  үзэхээр парламентын гишүүдийн тоо хүн амын тооны гуравны нэг зэрэгт буюу куб язгуур гаргасантай ойролцоо байх нь зохимжтой гэж үзсэн. Судлаач маань дүгнэлтдээ тулгуурлаад куб язгуур гэдэг зүй тогтол байна, харин цаана нь ямар логик байж болох вэ гэдгийг модельчилж харуулсан байдаг. Судлаачийн тайлбарт парламентын гишүүдэд харилцаа холбоо чухал. Гишүүн болгон бусад гишүүдтэйгээ харилцах шаардлага үүснэ. Энэ тоог хэт олон тавьчих юм бол тухайн гишүүнтэй харилцах харилцаанд хүндрэл гарна. Гишүүн тойргийн сонгогч гишүүдтэйгээ харилцах ёстой болдог. Тойргийн гишүүдтэй харилцах харилцаа бол олон цэгийг нэг цэгтэй холбох харилцаа. Тэгэхээр гишүүн өөрт байгаа цаг хугацаа, энергиэ 50, 50 хувиар хувааж энэ хоёр харилцаандаа зарцуулдаг. Ийм байх тохиолдолд хамгийн зөв юм биш биз дээ гэсэн санааг дэвшүүлсэн байдаг. Мөн зарим эрдэмтэд квадрат язгуураар тооцож гаргах хэрэгтэй гэж үзэх нь ч бий. Ер нь бол бага тоон дээр куб, квадрат язгуурын зөрөө их болчихдог. Их тоон дээр очихоор энэ хоёрын зөрөө бага болчихдог. Хүн амынх нь тоо 20, 30 сая хүрсэн улс орнуудын хувьд квадрат язгуураар тооцож гишүүдийнхээ тоог тооцоолмоор. Хүн амынх нь тоо цөөхөн улс орнууд куб язгуурыг нь сонгох хэрэгтэй юм уу гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Үүнийгээ мэдээлэл дээр тулгуурлаж шалгалаа. Тухайлбал хүн амын тоо цөөхөн дэвшилтэт ардчилалтай улсууд гэхээр Скандинавын таван улс байгаа юм. Скандинавын  орнууд буюу Дани, Финланд, Исланд, Норвеги, Швед. Энэ таван улс ерөнхийдөө таваас арван сая орчим хүн амтай бидэнтэй ойролцоо хүн амтай ардчилал нь өндөр хөгжсөн улсууд. Эдгээр улсуудын парламентын гишүүдийн тоо хэд байна вэ гэхээр куб язгуураар тооцоолсон тоонд дөхөж очсон байгаа юм. 

Монгол Улс парламентын хэдэн гишүүнтэй байвал тохиромжтой вэ?

Монгол Улс дөрвөн сая орчим иргэнтэй гэж тооцож квадрат язгуураар гаргах юм бол ойролцоогоор хоёр мянга орчим гишүүнтэй болох нь. Хэрвээ куб язгуураар тооцох юм бол 150 орчим гишүүнтэй байх тооцоо гарч байгаа. Шинжлэх ухаан, судлаачдын хийсэн ажлыг хараад Монголын нөхцөл байдалтай тулгаад үзэхээр ийм л харагдаж байгаа юм. Миний хувьд УИХ-ын гишүүдийн тоог Скандиновын орнуудтай адилхан куб язгуураар тооцож гаргах нь илүү оновчтой гэж үзэж байгаа

Өнөөдрийн байдлаар Монголд 44 мянган иргэнийг нэг гишүүн төлөөлж байна. Энэ тоо их үү, бага уу?

Эхлээд  44 мянган хүний саналыг нэг хүн төлөөлөх боломж, бололцоо байна уу, нэг гишүүн 44 мянган хүнтэй шууд бусаар  харилцаж, бас дээр нь 75 гишүүнтэй шууд харилцаж чадаж байна уу? Энд ямар механизм ажиллах ёстой юм бэ гээд олон асуудал байдаг. Сонгогчид гишүүнээ сонгохдоо тойрогт байгаа асуудлыг хэрхэн шийдэх юм бэ гэдгийг олохын тулд мөрийн  хөтөлбөрийг нь уншаад саналаа өгчихдөг. Эргээд барааг нь харахаа байдаг. Үүнээс үүдэн бид амлалтад хууртаж санал өгч байна гэсэн гомдол үлддэг. Тэгэхээр дан ганц тоо ч биш хариуцлагын асуудлыг давхар ярих хэрэгтэй л дээ. 

Өнөөдөр Монгол Улс Засгийн газраа атгадаг, аймаг, нийслэл, тойргоо баздаг, хэн дуртайгаа ажилд томилдог, хэн дуртай нь тендэр авч, өгдөг 76 хаантай болчихлоо гэж шогширдог. Тэгвэл гишүүдийн тоо буурснаар 76 хүний эрх мэдэл буурах уу?

Тооны хувьд 150, 76 гэдэг өөр л дөө. Гишүүдийн тоо нэмэгдснээр эрх мэдэл буурна, нөлөөлөл ч буурна. Би хэрвээ гишүүдийн тоог 152 болгож нэмбэл нэг гишүүний парламентын шийдвэр гаргалгалтад үзүүлэx нөлөө хэр буурах вэ гэдэг судалгааг хийж үзсэн юм. Ингэхэд өнөөдрийн нөхцөл байдлаас 30 хувиар буурах тооцоо гарч байгаа. 

Монголын улстөр тооцоо судалгаа гэхээсээ илүү нийгмийн сэтгэлзүйг цахим ертөнцөөс ажиглан тандаж, түүн дээр үндэслэсэн шийдвэр, хууль тогтоомжоор яваад байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байх боллоо. Жишээ нь нийгэмд 76-ын нэр хүнд шаланд унасан. 76 хааныг нэмэх биш хасах ёстой гэсэн хандлага хүчтэй байна. Үндсэн хуулиа өөрчилье гэж яригдаж байгаа яг энэ цаг үед сошиал хандлагад автсан олон нийтийн санал асуулгад дулдуйдаад нөгөө муу хэлээд байгаа 76 хаанаа нэг хаанаар сольчих вий гэдэг айдас төрөх боллоо?

Энэ эрсдэл ганцхан Монголд гараад байгаа юм биш. Ардчилалын өлгий гэгддэг АНУ-д хүртэл юу боллоо нэр дэвшигч Дональд Трампын сошиал хаягийг хүртэл хааж байсан саяханы түүх. Монголчуудын сошиал медиа хэрэглээ тодорхой хэмжээгээр эрсдэл авчирж байгаатай санал нийлнэ.  

1990 оноос хойш мөрдөж ирсэн Үндсэн хууль, Сонгуулийн тухай  хуулиуд хоёр том намд ашигтай байсан. Хоёр нам ээлжлэн төр барьдаг болсон. Гишүүдийн тоог өөрчилсөнөөр буюу нэмснээр бусад улстөрийн хүчинд хэр боломж гарч ирэх бол?

Энгийн логикоор бодох юм бол саваа хоёр дахин томсгочихоор боломж хоёр дахин нэмэгдэнэ. Мөн сонгуулийг ямар системээр явуулах вэ гэдэг асуулт ч эндээс ургаж гарч ирнэ. Жишээлбэл холимог систем парламентад улстөрийн хүчнүүдийн төлөөллийг сайжруулдаг гэж үздэг. Энэ бол сайн тал нь. Тэгвэл муу тал нь  холимог систем эвслийн засгийн газар руу дагуулчих гээд байдаг. Хамгийн хүчтэй бөгөөд холимог системтэй  улс бол Герман. Сүүлийн жилүүдэд Герман улс голдуу эвслийн засгийн газартай байгаа. Холимог системийн хямрал дээр мөн  БНТУ-ыг жишээ  болгож авч болох юм. Турк сонгуулиа пропорционал системээр явуулдаг.Тус улсын  парламентад олон нам, хөдөлгөөний төлөөлөл орж ирдэг ч  аль нь нэг нь засаг байгуулах хэмжээний санал авч чаддаггүй. Тэгэхээр хоорондоо хамтардаг. Хамтарсан засгийн газруудынх нь бүтэц, насжилт нь хэврэг байдаг. Тиймээс УИХ-ын тоо хэд байх нь чухал вэ гэдэгтэй адил ямар системээр сонгуулиа явуулах вэ гэдэг нь ч чухал.

Сүүлийн үед их яригдаж байгаа зүйл бол  ардчилал. Монголчууд өнгөрсөн гучин жилд ардчилал хэрэгтэй юм байна гэдгийг ойлгочихлоо. Ардчилал гэдэг “Ардчилсан нам” биш юм байна гэдгийг ойлгосон. Одоо бид парламентын ардчилалыг бэхжүүлэх ёстой гэдэг том уриа лоозонтой боллоо. Тогтолцоо, системийн өөрчлөлт, гишүүдийн тоог хөдөлгөхгүйгээр парламентын ардчилалыг бэхжүүлж чадах уу. Та юу гэж харж байна?

Ингэх боломжтой юу гэвэл би боломжтой гэж хариулна. Ямар ч байсан одоогийн нөхцөлөөс илүү сайн ардчилсан төрийн удирдлагын системийг урлах боломжтой. Яагаад ийм итгэлтэй байна вэ гэвэл бусад орнууд хийж чадаад байгаа учраас. Ардчилал гэдэг орчин үеийн хүнд хамгийн зохистой төрлийн төрийн захиргааны удирдлагын систем юм байна гэж онолчид ч хэлсэн байдаг. Практикт ч нотлогдсон байдаг. Энэ утгаар ч тэр бид ардчилалаа одоо байгаагаас нь илүү сайжруулах боломжтой. Гэхдээ маш сайн тооцоо судалгаатай хийх хэрэгтэй. Бидэнд ахиад 20, 30 жил алдах эрх байхгүй. Бид өнгөрсөн гучин жилд ямар их зүйл алдсанаа эргэж хардаг баймаар байна. Хамгийн наад зах нь бид ёс зүйн маш том алдагдалд орсон. Улаанбаатарын гудамжаар  дүүрэн бусдыг хүндлэхгүй байж хүндлэл хүсээд байдаг “БИ” холхиж байна. Энэ юуг өгүүлж байна гэхээр нийгэм гэж байхаа больчихсоныг илтгэнэ. “Бид” гэдэг ойлголт байхаа больсон байна. Яагаад нийгмийн эрүүл мэндийг хэн ч тоохгүй байна. Ёс зүйгээ алдсанаар оронд нь бид юу олж авав. Нийгэм болж төлөвшинө гэдэг удаан хугацааны процесс. Үүнийг эвдэхэд бид 30 хан жил зарцуулж. Буцаагаад нийгмээ сэргээх нь айхтар том ажил болох бөгөөд дараагийн 20 жилийг алдах юм бол бид бараг байх болов уу даа. 

Ямар ч байсан бид өөрчлөлт хийх ёстой гэдэг дээр бид бараг л санал нэгдээд байгаа шүү дээ.

Яг ийм маягаар задарсан нийгэм цааш явахад хэцүү. Өөрчлөлтийг хийх ёстой, бүр маш сайн хийх ёстой. Эрх, ашиг гэдэг зүйлийг хоёр номерт тавьж чадвал сайн. Үнэн, зөв хоёрыг нэгт эрэмбэлж, хувийн эрх ашгаа хойш тавьж байж л бид сайн өөрчлөлт хийж чадна.  

Таны сурталчилгаа