Цаг үеийн мэдээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт, Налайх, Баянзүрх дүүргийн хилийн цэс дэх маргаан, газар эзэмших, ашиглах эрх олгосон асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах танилцуулах ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Түгжрэлийг бууруулах төсвөөр 2023 онд есөн ажил, 110 нэгж талбарыг чөлөөлөхөөр ажиллаж байна. Улс, нийслэлийн хөрөнгөөр 19 ажил, 619 нэгж талбар чөлөөлөхөөр байгаа.  Налайх, Баянзүрх дүүргийн хилийн цэс дэх маргаан, газар эзэмших, ашиглах эрх олгосон асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг гарсан. Өнгөрсөн долоо хоногт хуралдаж, шийдвэрийг гарган ажиллаж байна” гэлээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгогдсон 14 архитектур төлөвлөлтийн даалгавар, 10 батлагдсан эскиз зураг болон техникийн нөхцөлүүдийг цуцалсан эсэх талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэл өгөв. Тэрбээр “Нийслэлд зөвшөөрөлгүй барьсан 55 барилгыг Зөвлөлийн хурлаар танилцуулсан. Хурлаас 14 архитектур төлөвлөлтийн даалгавар, 10 батлагдсан эскиз зураг болон техникийн нөхцөлүүдийг цуцлахаар үүрэг өгсөн. Ажлын хэсэг хуралдаж, архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан эскиз зураг болон техникийн нөхцөлүүдийг цуцлахаар шийдвэр гаргана” хэмээлээ.