УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.03.20/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэх хуулийн төслүүдийн талаарх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл, намрын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах үеэр иргэдээс гарсан саналуудыг нэгтгэн, шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, Ж.Батжаргал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
“УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотой намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралд мэдээлэл хийсэн. Хаврын чуулганаар олон асуудлыг хэлэлцэнэ. Үүнээс хэд хэдэн асуудлыг анхаарах нь зүйтэй гэж үзлээ. Нэгдүгээрт, Засгийн газраас 2023 оныг Аялал жуулчлалын жил болгон зарласан. Иймд Аялал жуулчлалын тухай хуулийг яаралтай хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзсэн. Хоёрдугаарт, Авлигатай тэмцэх чиглэлийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч хэд хэдэн хуулийг батлах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр зэрэг асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцэж, батлах шаардлагатай гэж бүлгийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мөн эдийн засгийн чиглэлээр хэд хэдэн хуулийг хэлэлцэж батлахаар тогтлоо. Үүнд, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтын ил тод байдлын тухай хууль болон эдийн засгийг дэмжих чиглэлд Нийгмийн даатгалын багц хуулиуд, Боловсрол, эрүүл мэндийн зэрэг томоохон багц хуулиудыг хэлэлцэнэ.
Улс төрийн чиглэлд нэгдүгээрт, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Үндсэн хуулийн хүрээнд зургаадугаар сарын 20-ний өдрөөс өмнө батлах учиртай. Хоёрдугаарт, улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар батлах ёстой. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр заасан хууль юм. Гуравдугаарт, Төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр гээд томоохон хуулийн өөрчлөлтүүдийг УИХ-ын хаврын чуулган, бүлгийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзээд нийт 50 гаруй хуулийг хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Хоёрдугаарт, намрын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажилласан. Энэ үеэр иргэдийн гаргасан 10 саналыг нэгтгэн Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо. Засгийн газар ойрын хугацаанд хуралдаанаараа хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргах чиглэлийг өгөв. Иргэдээс гаргасан 10 саналд,
1. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляц нэмэгдэж буй асуудал
2. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж амьжиргааны түвшинд хүрэлцэхгүй байгаа асуудал
3. Бүх төрлийн зээл олголт эрс багассантай холбоотой арилжааны банкнуудын зээл олголтыг нэмэгдүүлэх
4. Хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүн болох мах, арьс, ширний үнийг нэмэгдүүлэх
5. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг олгох
6. Хүүхдийн мөнгийг 91 хувьд бус “Хүүхэд бүрд олгох”
7. Нийслэлийн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах
8. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, энэ чиглэлд ялын бодлогыг нэмэгдүүлэх
9. Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжих явцад орон нутагт бэрхшээл үүсэж буй асуудал
10. Төрийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажил гүйцэтгэх сайжруулах, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг нэгтгэж Засгийн газарт хүргүүлж байна” гэв.
Мөн хаврын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөв. Тэрээр хэлэхдээ “Засгийн газар 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Энэ нь Монгол Улсад ардчилсан парламентын тогтолцоо бий болсноос хойш анх удаа гүйцэтгэх засаглалын байгууллага хуулиар олгогдсон үүргийн дагуу гэмт хэрэгтэй тэмцэх, тэр дундаа авлигатай тэмцэх зорилгоо тодорхойлсон. Энэ хүрээнд хаврын чуулганы эхэнд бүлгийн хуралд намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, хаврын чуулганы эхэнд авлигатай тэмцэх бодлогыг чангатгах чиглэлд Засгийн газар болон УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулиудыг нэн яаралтайгаар хэлэлцэн баталж өгөх саналыг тавьсан. Уг саналыг намын бүлгийн гишүүд 100 хувь дэмжиж, авлигатай тэмцэх үйл хэргийг бодит болгож, онцгойлон анхаарахаа илэрхийлсэн. Авлигатай тэмцэх ажлын хүрээнд 5Ш ажиллагааг зарласан. Нэгдүгээрт, “Шүүр” ажиллагаа буюу төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуй нэгжүүдэд хууль зөрчин томилогдсон албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн дотор чөлөөлж, ЗГХЭГ-т хэрхэн яаж шийдвэрлэсэн талаарх мэдээллийг ирүүлэхийг үүрэг болгосон. АТГ-аас гаргасан мэдээллээр холбогдох хуулиудыг зөрчиж томилогдсон 800 орчим албан тушаалтан байна. Хоёрдугаарт, авлигатай холбоотой хураагдсан мөнгө, хөрөнгийг цаашид тулгамдаж буй салбарт ашигладаг байх, үүнийг хэрэгжүүлэхийн тулд хууль санаачлан батлуулах шаардлага үүсэж байна. Гуравдугаарт, шувуу ажиллагааны хүрээнд гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг гадны улсаас авч ирэх асуудлаар Гадаад харилцааны яам улс орнуудтай харилцан туслалцах гэрээ, хэлэлцээр хийхээр ажиллаж байна. Дөрөвдүгээрт, МАН-ын бүлгээс өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Баялагийн сангийн тухай хуулийн төслийг ойрын хугацаанд оруулж ирж, УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Тавдугаарт, Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг яаралтай батлуулахаар болсон” гэв.