Цаг үеийн мэдээ

УИХ-ын байнгын хороодын хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдах ба мөн Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болох юм. Тэдгээр хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зохих шатны хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийнэ.