Цаг үеийн мэдээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд Налайх дүүргийн Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагуудыг чадавхжуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Ослын үеийн удирдлагын тогтолцоо-Хариу арга хэмжээ” сэдвээр хичээл орж, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, сөрөн тэсвэрлэх чадвар, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааны чиглэлээр туршлагаасаа хуваалцаж, Туркт болсон газар хөдлөлтийн гамшгийн бодит байдлын талаар мэдээлэл хийсэн юм.

Сургалтад тус дүүргийн Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллагуудын нийт 60 орчим удирдах бүрэлдэхүүн хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.