Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д албан айлчлал хийж байна. Оросыг олон улсын тавцанд ганцаардуулалгүй, эртний дотно харилцаатай гэдгээ баталсан Ши Жиньпин өнгөрсөн сард Украины дайныг зогсоох 12 зүйл заалт тусгасан төлөвлөгөө танилцуулсан билээ.

Ерөнхийлөгч Владимир Путин Ши Жиньпин даргатай өчигдөр Москвад уулзах үеэрээ Бээжингийн санаачилсан энхийн хэлэлцээрийн талаар авч хэлэлцэнэ гэдгээ мэдээлжээ. Мөн тэрээр бид гэрээ хэлэлцээрт үргэлж нээлттэй хандана гэсэн байна. 

Хятадын санаачилсан энхийн хөтөлбөрт гал зогсоох, энхийн хэлэлцээрийг дахин сэргээх зэрэг саналууд багтжээ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадын санаачилгыг саатуулах тактик бөгөөд аль ч улсын дайныг өөрийнхөөрөө эргүүлэх тактикт хууртах хэрэггүй гэж мэдэгдсэн байна. Түүний үзэж байгаагаар гал зогсоох хэлэлцээрт Оросын цэргийн хүчнийг Украины нутгаас гаргах тухай дурдагдаагүй гэдгийг шүүмжилжээ. 

Ши Жиньпин Москвад айлчилсныхаа дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй утсаар ярих тухай хэвлэлүүд нийтэлсэн. Гэвч түүний Орост үзүүлж буй технологи, худалдааны тусламж дэмжлэг нь цэрэг арми, хүнд зэвсэглэл болон хувирч болзошгүй гэсэн түгшүүр Киевд байна. 

Орос, Хятад улсууд 4,300 км газраар хиллэдэг, Орос бол Бээжингийн газрын тосны гол ханган нийлүүлэгч бөгөөд стратегийн түвшинд АНУ-ын эсрэг байр суурин дээр санал нийлдэг. Ши Жиньпин Иран болон Саудын Араб улсуудын хооронд зуучлагч хийж дипломат харилцааг сэргээснээр нэр хүндээ өсгөсөн бөгөөд энэ удаа Орос, Украины дайныг зогсооход гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэх нь түүний хувьд алдаж боломгүй боломж юм.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа