Европын холбооны арав гаруй гишүүн орон Брюссельд хийсэн уулзалтаар Украинд 2 тэрбум еврогийн зэвсэг техник нийлүүлэхээр харилцан зөвшилцсөн байна. Уг хэлэлцээрийн хүрээнд ирэх жил хүртэл нэг сая их бууны сум Украинд нийлүүлэх ажээ.
Украины талаас Европын Холбоонд хандан Оросын эсрэг сөрөг довтолгоон хийхэд сард багадаа 350,000 их бууны сум шаардагдаж байгааг мэдэгдэж, тусламж хүссэн юм. Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба Европын Холбооны уг шийдвэрийг тоглоомын дүрэм, дайны хувь заяаг өөрчлөх чухал шийдвэр гэж мэдэгджээ. Кулеба зэвсгийн тээвэрлэлтийг нэн даруй эхлүүлэх шаардлагатай ба шийдвэрийг тогтвортой хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцолсон байна.
Украинд их бууны сум нийлүүлэх хэлэлцээрт Европын Холбооны 17 орон болон Норвегийн Гадаад хэргийн сайд нар гарын үсэг зуржээ. Хэлэлцээрийн дагуу эхний тэрбум еврогийн сумыг тавдугаар сарын сүүлч гэхэд Украинд нийлүүлэхийг зорьж байна. Европоос гадна АНУ Украинд 350 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхийг Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС