Цаг үеийн мэдээ

Увс аймгийн ....  сумын Баянхайрхан багт Иргэн  Х, Б нар малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 3 сарын 20-ны өдрийн 20:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хүлээн авч иргэн Х /45 настай, эрэгтэй/, Б /33 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 05:05 цагт тус сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т “Мөстийн хөтөл” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Мөн Завхан аймгийн ....  сумын Багануур багт Малчин Б, 3 сарын 20-ны өдрийн 21:00 цагийн орчим малаа хотлуулах гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 3 сарын 21-ний өдрийн 00:08 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж, иргэн Б/27 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01:45 цагт гэрээс нь баруунд зүгт 7 км-т “Шийрийн баруун Дөрөлж” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн  өгсөн.

Дундговь аймгийн ..... сумын Буянт багт Малчин О, 3 сарын 20-ны өдрийн 16:30 цагийн орчим суудлын автомашинаар адуундаа яваад төөрсөн тухай дуудлагыг 3 сарын 21-ний өдрийн 01:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Приус-30” загварын суудлын автомашинтай төөрсөн иргэн О/45 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10 км-ийн тойрогт зохион байгуулж ажиллахад  03:10 цагт гэртээ ирсэн гэж ар гэрээс нь мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.