Цаг үеийн мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас санаачлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газартай хамтарсан ажил хэрэгч уулзалтыг 03 дугаар сарын 21-ний өдөр ХНХЯаманд зохион байгууллаа.

Уулзалтад яамны Салбарын хяналтын газар, ХХҮЕГ, Нийслэлийн хөдөлмөр, халамжийн газар, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов.

Тус уулзалтаар дараах илтгэлийг танилцууллаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Нямсүрэн танилцуулга хийж, цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Салбарын хяналтын газартай хамтарч ажиллах чиглэлүүдийг танилцуулав.

2021 онд Хөдөлмөрийн тухай хуулийн 111 (Шинэчилсэн найруулгын 144) дүгээр зүйлийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ (мониторинг)-ийн судалгааны үр дүнгийн талаар ШУТИС-ийн багш Доктор (PhD) проф Я.Оюунтунгалаг танилцуулав.

2022 онд Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байгууллагуудын нэгдсэн тайланг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтад төр, төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 70 орчим хүн оролцсон бөгөөд 2021 онд улсын хэмжээнд хийгдсэн Хөдөлмөрийн хуулийн 144-р зүйлийн хэрэгжилтэд үнэлгээ хийсэн судалгааны үр дүнгээс хуваалцаж, ажлын байрны тохируулга, ажлын байрны дарамт, ажлын цагийн зохицуулалт байхгүй,  хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажиллуулдаг, цалин хөлс ялгавартай олгодог зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олон асуудлыг хөндсөн ажил хэрэгч уулзалт боллоо.

Салбарын хяналтын газар 2023 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Хөдөлмөрийн хяналтын чиглэлээр уул уурхай, барилга, боловсруулах үйлдвэр, эрчим хүчний 1,337 аж ахуйн нэгж, байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хяналт шалгалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.