Энэтхэгийн эрх баригчид Пунжаб мужийн 27 сая орчим иргэний интернэт сүлжээг гурав дахь хоногтоо дараалан хязгаарласан байна. Интернэт сүлжээг хязгаарласан нь оргон зайлсан Сих салан тусгаарлагчдын бүлгийг эрэн хайх цагдаа нарын ажилд туслах зорилготой ажээ.
Пунжаб мужийн захиргаа өнгөрсөн амралтын өдөр анхлан мэдэгдэхдээ нийт оршин суугчдын интернэт сүлжээг 24 цагийн турш хязгаарлана гэжээ. Цагдаа нар салан тусгаарлагчдын Халистан хөдөлгөөний удирдагч Амритпал Сингхийг баривчлах ажиллагааг гүйцэтгэж байна.
Мужийн хуульд зааснаар аливаа хүчирхийлэлд өдөөн хатгах, амар тайван байдал, олон нийтийн дэг журмыг зөрчих үйлдлээс урьдчилан сэргийлж цахим сүлжээг таслахыг зөвшөөрдөг аж. Цагдаагийн газраас интернэтийг муж даяар салгаснаар хууль дүрмийг сахиулж, хуурамч мэдээ тархах үйлдлийг зогсоох зорилготой гэж тайлбарлажээ. Сингхийг дэмжигчид хутга, сэлэм, цохиур барин гудамжинд эсэргүүцэл зарласан дүрс бичлэг олон нийтийн сүлжээ болон орон нутгийн сувгаар цацагдсан байна.
Эмх замбараагүй байдал газар авахаас сэргийлж цагдаа, цэргийн алба хаагчид мужийн дүүргүүдэд хууль сахиулахаар хамгаалалтад гарчээ. Ням гарагийн байдлаар 100 гаруй хүнийг баривчлан саатуулсан байна.
Иргэдийн интернэтийн сүлжээ бүх нийтээр тасалдах явдал Энэтхэгт нийтлэг тохиолддог. Нью-Йоркод төвтэй судалгааны байгууллагын мэдээлснээр 2022 онд Энэтхэгт интернэт сүлжээ хязгаарласан 84 тохиолдол бүртгэгджээ. Тус улс Хятадын дараа дэлхийн хоёрд дахь том дижитал хэрэглээний зах зээл юм. Энэтхэгт 800 сая гаруй иргэн интернэт ашигладаг байна.
Эх сурвалж: CNN