Цаг үеийн мэдээ

Монгол улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суух Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнийг цагдан хорьсон асуудал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй. Д.Мөнх-Эрдэнэ чухам ямар асуудлаас үүдэн яллагдагчаар татагдсан талаар мэдээлэл одоогоор хаалттай байна. 

Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэрэгт нийт нэр бүхий 5 хүн шалгагдаж байгаа бөгөөд шүүхээс Д.Мөнх-Эрдэнийг гэм буруутай эсэхийг тогтоох хүртэл цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол, бусад 4 шүүгдэгчид хувийн баталгаа гаргуулж хилийн хориг тавьсан. 

Прокурорын байгууллагаас Б.Мөнх-Эрдэнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан. Бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан. Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэх үндэслэлүүдээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. 

Харин бусад дөрвөн хүн болох Б.Эрдэнэбаяр, Д.Батмөнх, Н.Пүрэвжав, Б.Ганбаяр нарыг Д.Мөнх-Эрдэнээс хахууль авсан гэх хэрэгт яллагдагчаар татсан байна.

Дээрх шүүгдэгчдийн дунд УИХ-ын дарга Г.Занданшатарын олон нийттэй харилцах бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Б.Эрдэнэбаяр байгаа нь олны анхаарлыг татаад байгаа юм.

Чухам ямар хэрэгт хахууль авсан, консул асан Д.Мөнх-Эрдэнэ, УИХ-ын даргын зөвлөх нарын хооронд ямар тохироо байв гэдэг асуулт хариулт нэхэж байна. 

Бид тус хэргийн талаар эргэн мэдээлэх болно.