Цаг үеийн мэдээ

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах хүрээнд барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 98 хувь нь идэвхтэй газар хөдлөлтийн бүсэд хамаардаг бөгөөд 1995-2009 онд нийт 600 гаруй сулавтар хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Үүний зэрэгцээ нийслэлд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд төвийн зургаан дүүргийн барилга байгууламжийн нурах магадлал, хохирлын хэмжээ 22-48 хувьтай, гэр хороололд 81 хувьтай хэмээн тооцоолсон нь бий. Зөвлөгөөнд Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон бусад төлөөлөгчид, холбогдох албаныхан, тус салбарын мэргэжилтэн, төлөөллүүд оролцлоо.

Улаанбаатар хотод Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас 2012-2013 онд хэрэгжүүлсэн Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход төвийн 6 дүүргийн барилгын нурах магадлал, хохирлын хэмжээг 22-45 хувь, гэр хороллын хэсгийн хохирлын хэмжээг 81 хувь хүртэл гэж тооцоолсон байна. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод нийт 335105 барилга байгууламж байдаг. Төвийн бүсийн барилга байгууламжийн 5 хувь 40-ээс дээш жил, 30 хувь нь 10-40 жил, 49 хувь нь 10 хүртэл жилийн насжилттай байгаа юм. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр “...Байгалийн гамшиг хэзээ ч хэлж ирдэггүй бөгөөд шинжлэх ухааны салбар ч урьдчилан тогтоох боломжгүй байна. Харин мэргэжлийн байгууллагууд хамгийн өндөр магадлалыг тооцож байна. Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжөөр Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн 6 том хагарал байгаа. Мөн ЖАЙКА байгууллагаас хийсэн судалгааны хүрээнд өгч буй зөвлөмжөөр мөн Улаанбаатар хотын дундуур хагарал байх магадлалтай байна. Ойрын хугацаанд буюу он гарснаас өнөөдрийг хүртэл бүртгэгдсэн газар хөдлөлтийн давтамж 300 гарлаа. Тиймээс ямар ч зориулалтынх байсан бүх барилга төлөвлөхөөсөө эхлээд барих, ашиглалтад оруулах бүх процессод стандартаа мөрдөх нь л чухал байгаа юм…” гэлээ.

Нийслэлиийн Засаг дарга Д.Сумъяабазар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хандан 2021-2022 онд иргэдээс ирүүлсэн нийт гомдлын 75.2 хувь нь барилга байгууламжийн чанар аюулгүй байдал, барилгын норм дүрэм зөрчиж буйг шалгуулах, барилга байгууламжийн зориулалтыг хянуулах, барилга байгууламжийн ажлыг зогсоох тухай онцоллоо. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг чанд мөрдөөгүйгээс эхлээд барилгын ажлын угсралт, улсын комисст хүлээн авах хүртэлх бүх үе шатанд хууль, журам, норм дүрэм зөрчигдсөөр байна. Тиймээс эдгээр тулгамдсан асуудлыг хэлэлцэх, шийдэл олоход бүх талын оролцоог хангахаар энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна гэсэн юм. 

Улаанбаатар хотод хоёр минутын дотор хэдэн баллын хүчтэй газар хөдөлсөн гэдэг эхний таамгийг дэвшүүлдэг 

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Одон орон, геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлийн салбар 1957 онд байгуулагдсан. Энэ цагаас хойш багажийн судалгаа явуулж, монгол оронд болж буй газар хөдлөлтийг бүртгэж байв. 1994 оноос тоон мэдээллийн шугамаар, интернэтээр мэдээллийг төв рүү өгдөг болсон. Өнөөдрийн байдлаар 70 байршилд газар хөдлөлтийн судалгааны 140 гаруй станцтай. Энэхүү станцуудаараа Монгол Улсад газар хөдлөлт болсон тохиолдолд хугацаа алдалгүй зарлаж байгаа. Улаанбаатар хотын хувьд хоёр минутын дотор хэдэн баллын хүчтэй газар хөдөлсөн гэдэг эхний таамгийг дэвшүүлж, 10 минутын дотор нарийвчилж үзээд мэдээллээ тараадаг. Түүнээс гадна ойр орчимд болж байгаа газар хөдлөлтийн чичирхийллийг иргэд мэдэрсэн.Газар хөдлөлт судлаачид 5 магнитудын газар хөдлөлт хэд, хэд болсны дараа 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бий шүү гэдэг дохио өгдөг” хэмээн тайлбарлав.  

Таны сурталчилгаа