Цаг үеийн мэдээ

Г нь иргэн Б-ийн эзэмшлийн хашаанд байх байшингийн вакум цонхыг онгойлгон нэвтрэн орж бэлэн мөнгө 240.000 төгрөгийг хулгайлан авсан байна. 

Дүүргийн прокурорын газраас Г-г хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь мэдэгдэхгүй нууцаар авч, захиран зарцуулж ашиг олох гэсэн шууд санаатай, шунахайн сэдэлттэй байдаг.

Шүүх, шүүгдэгч Г-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Г-ийн бусдын эд хөрөнгийг хохирогчийн байнга оршин суух орон байранд нэвтэрч буюу байшингийн вакум цонхоор нэвтрэн орж авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байна гэж дүгнэсэн.

Иймд Г-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд 2 жил 1 сарын хорих ял шийтгэв.

Эрүүгийн хуульд хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдвэл 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байдаг.