Цаг үеийн мэдээ

Канад улсын Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, хатагтай Мэри Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, ноён Марк Ричард болон Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын олон улсын хөтөлбөрийн ахлах шинжээч, хатагтай Наталья Хородецки нар өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд ажиллаж, Ёс зүйн зөвлөх хороо байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзлаа.

Тус уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, доктор профессор Д.Зүмбэрэллхам, А.Насандэлгэр, Л.Энхбилэг, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоож, Д.Мягмарцэрэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Шүүгчдийн холбооны тэргүүний АҮТОГ Т.Бадрал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн А.Сарангэрэл, Шүүгчдийн холбооны Гүйцэтгэх захирал М.Наранчимэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нэгжийн удирдлагууд оролцсон юм.

Канадын экспертүүд шүүгчийг сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөн туслах,  мэдээлэл өгөх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий ёс зүйн зөвлөх хорооны ажилладаг туршлага болон шүүгчийн ёс зүйн зарчмын баримт бичгийн талаарх Канадын туршлагаас хуваалцаж, ажлын хэсгийн гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа.